Энэ долоо хоногоос эхэд маань илүү хүчтэй бөгөөд төрөлтөөр дуусгавар болох зовиурууд мэдрэгдэж эхлэнэ.
Дотор муухайрах нь бага багаар багасч, харин ч идэх юм руу дайрдаг үе эхэллээ.Ойр ойрхон хөлийн шөрмөс татахад хөлөө дээш өргөн, хөлийн хурууг чангалах эсвэл халуун алчуураар массаж хийхийг зөвлөдөг. Калийн агууламж ихтэй зүйлс /чангаанз, тоор, гадил жимс/ идэх нь хөлийн шөрмөс татахыг багасгадаг гэдэг.
Нуруу чилэх, өвдөхөөс сэргийлэн нурууны хөндий хэсэгт жижигхэн, зөөлөн дэр байрлуулах, аль болох нуруугаа налж, тулж суухыг зөвлөдөг. Нурууныхаа эрүүл мэндийн төлөө та гутлаа зөв сонгож өмсөх хэрэгтэй. Өндөр өсгийтэй гутал өмсөхгүй байх хэрэгтэй.
Дааврын үзүүлэлт өөрчлөгдснөөр толгой өвдөх нь ихэсч эхэлдэг. Толгой өвдөхөөс сэргийлэхийн тулд хоолоо тогтмол, зөв идэж, нойроо сайн авах, ялангуяа стрессээс хол байх нь чухал. Парацетемолын агууламжтай эмнүүд жирэмсний үед аюулгүй учраас хэрэглэж болдог.
Жирэмсний туршид доошоо өнгөгүй, үнэргүй, цагаан өнгөтэй, жирийн үеэсээ арай илүү хэмжээтэйгээр шингэн зүйл гардаг бөгөөд энэ нь дааврын өөрчлөлтөөс үүдэлтэй байдаг. Хэрвээ ямар нэгэн үнэртэй, өнгөтэй, загатнуулах тохиолдол гарвал эмчид хандан эмчлүүлэх шаардлагатай. Учир нь ийм тохиолдлууд нь өрөвслийн шинж тэмдэг юм.
Энэ долоо хоногт танд гарах өөрчлөлтүүд:
- Өглөөгүүр дотор муухайрах,
- Өтгөн хатах,
- Хөх хөндүүр болох, хөх томорч, хөхний хүрэн хэсэг тодрох,
- Цээж хорсох,
- Ядрах,
- Ууртай болох
Энэ долоо хоногт таны хүүхэд:
v Ургийн хувьд хамгийн эрсдэлтэй цаг мөчийг та ардаа орхисон учир одоо та хүүхдээ хурдацтай томрохыг хүлээх л үлдлээ.
v Таны хүүхэд одоо 5.0 см биетэй, ойролцоогоор 8 гр жинтэй.
v Ургийн бараг бүх эрхтэнүүд нь бүрэлдэн бий болж гүйцээд, одоо ихэнх нь ажиллаж эхэлсэн байгаа.
v Ураг хурдацтай хөгжих үе рүүгээ орсон бөгөөд өсөлт нь хоёр дахин нэмэгдсээр явах болно.
v Бэлэг эрхтэний гадна хэсэг бүрэлдэж тодорхой болсон ч хараахан хүйсийг нь харуулахад эрт байна. Эмэгтэй юу? Эрэгтэй юу? Та жаахан хүлээх хэрэгтэй болж дээ.
v Ургийн хуруунууд нь нийлсэн хэлбэртэй байсан ба одоо хоорондоо салж эхэлж байгаа.
v Үс, хумс нь ургаж эхэлсэн.
v Гэдэсний дотоод булчингууд нь идэвхитэй ажиллаж эхэлсэн.
v Бөөр нь хэвийн ажиллаж эхэлсэн учир давсганд нь шээс ялгарч улмаар ургийн усны хэмжээ ихсэж байгаа.Энэ долоо хоногт усны хэмжээ нь 50 мл болсон байгаа.
v Элэг, бүдүүн, нарийн гэдэс, тархи болон уушги нь өөр өөрсдийн үүргийг бие даан биелүүлэх чадвартай болсон. Гэдэс нь ургийн хэвлий хэсэг рүү эрчимтэй дөхөж байгаа.
Энэ долоо хоногийн мэдээлэл:
Савны амсрын сулрал гэж нэрлэгдэх энэ тохиолдол нь хэвлий дэх ургийг сав тээж дийлэхгүй, ямар нэгэн өвдөлт, базалт өгөлгүйгээр савны амсар өөрөө нээгдэхийг хэлнэ. Үүний эмчилгээ нь савны амсрыг тойруулан мэс ажилбарын аргаар оёж, уутны амсар хааж буй мэт утсаар тогтоон хаах үйлдэл байдаг. Оношийг нь тогтооход ихэвчлэн урьд өмнө нь ийм тохиолдолтой байсан эсэхийг хардаг ба ийм эхчүүдэд энэ эмчилгээг хийдэг. Ямар нэгэн онцын шалтгаангүйгээр ихэвчлэн жирэмсний 18-22 дахь долоо хоногт ураг өөрөө зулбадаг. Савны амсар өөрөө нээгдэж, ураг, эхэс ямар ч зовиургүйгээр савнаас гадагшилна.
Ямар нэгэн зовиургүй байх нь уг оношийг бататгах шалтгаан болох бөгөөд савны амсар том нээгдсэн тохиолдолд бага зэргийн өвдөлт өгөх нь бий. Гэвч зүгээр нэгэн зулбалт уу эсвэл савны амсрын сулрал уу гэдгийг ялгаж салгахад хэцүү байдаг. Гэхдээ савны амсрын сулралтай үед 18-22 дахь долоо хоногт, харин дутуу төрөлт нь 24 дэх долоо хоногоос хойш байдгаараа ялгаатай.
Савны амсрын сулралтай эмэгтэйчүүдэд 12-14 дэх долоо хоногт оёдол тавих эмчилгээ хийгддэг.
Хооллох зөвлөмж :
Та одоо эрчимтэй жин нэмж эхэлсэн учраас таны биед онцын эерэг нөлөөгүй, хэт их жин нэмүүлэх /жипс, самар, шоколад гэх мэт/ зүйлсийг болгоомжтой хэрэглэх нь зүйтэй. Жирэмсний явцад хэт их жин нэмэх нь жирэмсний туршид болон төрөх явцад танд асуудал үүсгэж болохыг бодолцох хэрэгтэй. Танд шаардлагатай хоол хүнснийхээ тэжээллэгийн хэмжээг 300-500 калоригээр нэмэх явдал бөгөөд энэ нь 1 ширхэг зууханд болгосон төмс эсвэл 1 зүсэм кекс байхад л хангалттай. Жирэмсэн эхчүүд ихэвчлэн шоколад их иддэг нь ажиглагддаг. Харин та шоколадыг сүүтэй хамт идвэл сүүний кальцийн шимэгдлийг багасгадаг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.
No comments:
Post a Comment