2015/02/13

Жирэмсний 10 дахь долоо хоног

Баяр хүргэе. Та эрсдэлтэйд тооцогддог жирэмсний эхний 3 сарыг амжилттайгаар ардаа орхилоо.
Таны хүүхэд энэ долоо хоногоос эхлэн үр хөврөл байхаа больж ураг хэмээн нэрлэгдэх болно. Эхсийн хөгжил нь бүрэн явагдаж дуусаад одоо ургийн хөгжилд шаардлагатай тэжээлийг дамжуулах үйл ажиллагаа эхэлнэ.Энэ долоо хоногт ч жирэмсний даавартай холбоотойгоор таны сэтгэл санаа тавгүй, тогтворгүйтэх нь үргэлжилсээр байна. Гэвч жирэмсэн эх маань өөрөө тайван, сэтгэл санаагаар өөдрөг байх нь жирэмсний явц болон төрөх явцад ямар нэгэн асуудал гарахгүй эрүүл саруул, бүх зүйл сайхан байхад хэрэгтэй юм.
Таны биеийн халуун, дулаан нэмэгдэж байгааг та өөрөө мэдэрнэ. Зарим тохиолдолд “би халуурч байна уу даа” гэмээр болно. Жирэмсний явцад хүний бие дэх цусны эзэлхүүн ихэсдэгтэй холбоотойгоор бие ингэж ихээр халдаг. Мөн таны арьсны цаахан байрлах хөх судаснууд үүнтэй холбоотойгоор томорч, тодорч эхэлдэг. Ялангуяа хөх, хөл дээрх судаснууд.
Биеэ барьсан дотуур хувцас, өмд бүү өмс. Аль болох биедээ эвтэйхэн даавуун материалтай хувцас өмсөх хэрэгтэй. Мөн урд хэсэг нь нарийн шовх, өндөр өсгийтэй гутлын оронд өсгийгүй, намхан ултай, хөлд эвтэйхэн гутал өмсөх хэрэгтэй. Дотуур хувцас тань аль болох цагаан өнгийн, хөвөн-даавуун материалтай, резен нь хэт бариагүй байвал зүгээр. Харин цагаанаас өөр өнгийн дотуур хувцас өмсөхөөр бол өдөр тутмын хэрэглэлийг байнга хийж байх хэрэгтэй. Энэ үед танд хувцас тань багадаж, жирэмсний хувцас томдох учраас завсрын үе юм. Энэ үеийг резентэй, уяатай өмдөөр, хувцсаар даваж өнгөрүүлэх нь зүйтэй.
Энэ долоо хоногт танд гарах өөрчлөлтүүд:
- Өглөөгүүр дотор муухайрах,
- Тамир тэнхээ муутай байх,
- Өтгөн хатах,
- Хөх хөндүүр болох, хөх томорч, хөхний хүрэн хэсэг тодрох,
- Ойр ойрхон шээх,
- Толгой өвдөх, цээж хорсох,
- Хоол шингэхгүй байх, гэдэс дүүрэх,
- Уур хүрэх, заримдаа бүр учиргүй уйлах.
Энэ 7 хоногт таны хүүхэд:
  •  Таны хүүхэд одоо 3.1-4.2 см биетэй, ойролцоогоор 5 гр жинтэй.
  • Ургийн хамгийн чухал эрхтэнүүд бүрэлдэн бий болохоос гадна бүрэлдсэн эрхтэнүүд нь маш хурдацтай хөгжиж байгаа.
  • Ургийн хуруунууд болон хөлийн өсгий нь хөгжсөөр байна. Хуруу, хумс нь биелэлээ олж эхэлсэн.
  • Нүдний зовхи нь наалдсан байгаа бөгөөд 25-27 дахь долоо хоног хүртэл наалттай хэвээр байх болно. Нүдний болор бүрэлдэн бий болж байгаа.
  • Дээд, доод уруулын хөгжил нь гүйцсэн.
  • Бэлэг эрхтэний хөгжил явагдаж эхэлсэн байгаа.
  • Хамгийн хурдацтай хөгждөг эрхтэн нь тархи учраас ургийн биеийн тэн хагасыг толгой хэсэг нь бүрдүүлж байгаа.
  • Бараг л бүх үе мөч, булчин бүрэлдэн бий болсон учир ураг маань усан дотроо хөвж, хөдөлж байгаа.
  • Хэрвээ та хүүхдээ ойрхноос харж чаддагсан бол одоо ямар ихээр хүнтэй ижил төстэй болж эхэлж байгааг нь харах байсан.
Энэ долоо хоногийн мэдээлэл:
Та энэ долоо хоногт шүдний эмчээс цаг авах нь хамгийн тохиромжтой алхам болно. Жирэмсний явцад таны биед гарах дааврын өөрчлөлтөөс болоод буйлны өрөвсөл үүсэх магадлал ихтэй байдаг. Ийм учраас та шүдний эмчид үзүүлж, шаардлагатай бол шүдний зураг авахуулсан ч болно. Флорын найрлагатай шүдний оогоор өдөрт 2 удаа шүдээ сайтар угаах хэрэгтэй. Тамхи татах, бөөлжсөний дараа ходоодны хүчил таны буйлыг өрөвсүүлэх аюултай байдаг. Иймээс хэрвээ та бөөлжиж байгаа бол бөөлжсөнийхөө дараа амаа сайтар зайлж байх нь чухал юм.
Хооллох зөвлөмж :
Ургийн 8 дахь долоо хоногт яснууд болон шүд нь бүрэлдэж эхлэх учраас та аль болох кальци ихтэй зүйлсийг идэх нь тустай. Жирэмсний явцад жирийн үеийнхээсээ 2 дахин их кальци танд хэрэгтэй болно. Кальциар баялаг хүнсэнд бяслаг, сүү, тараг, ногоон навчтай хүнсний ногоонууд ордог. Гэвч сүү, сүүн бүтээгдэхүүн нь тослог ихтэй гэдгийг анхаарах нь зүйтэй. Тиймээс аль болох өрөм, цөцгийг нь ялгаж авсан сүү, таргийг хэрэглэх нь илүү сайн.

No comments:

Post a Comment