2015/02/13

Жирэмсний 9 дэх долоо хоног

Эрүүл жирэмслэлтийн үеийг даван туулахын тулд эхийн тэнцвэртэй, тогтмол хооллолт маш чухал үүрэгтэй.
Өдөр тутамд авах ёстой тэжээллэгийн хэмжээ өмнөхөөсөө 250 кал-аар нэмэгдэх ёстой. Ингэж тэжээллэг ихтэй хоол хүнсийг хэрэглэх нь таны хүүхдийн эд эрхтэнүүд эрүүл бүрэлдэн бий болоход нэн тустай. Зарим эмэгтэйчүүдэд энэ долоо хоногт 1-2 дусал цус үзэгдэх нь бий. Энэ үзэгдэл нь таныг айлгах хэмжээний аюултай зүйл биш ч, та эмчдээ хандан энэ байдлыг мэдэгдэж, хүүхдийнхээ байдлыг хэт авиан дурангаар шалгаж үзэхэд илүүдэхгүй.
Хэт авиан дурангаар жирэмслэлт хэвийн бөгөөд саван дотроо байгаа эсэхийг шалгах нь чухал, учир нь жирэмсний тестээр шалгахад /+/ жирэмсэн гэж гарч байгаа ч савандаа бус, савны гадуур жирэмсэлсэн тохиолдлууд байдаг. Савны гадуурх жирэмслэлт гэдэг маань үр тогтолт саван дотроо орж амжилгүй, замдаа умайн хоолойд тогтсон байхыг хэлдэг. Хэрвээ энэ байдлыг эрт оношлохгүй бол их хэмжээний цус алдалт явагдах учир эхийн амь насанд аюултай. Иймээс эрт оношилж, яаралтай мэс ажилбар хийх шаардлагатай. Эрт оношилсон тохиолдолд умайн хоолойг гэмтээлгүйгээр, ямар нэгэн цус алдалт явагдахгүй, үр тогтолтыг зогсоож, эм уух замаар мэс ажилбар хийлгүй аварч болно.
Таны хэвлий хэсэг эрчимтэй томорч байгаа ч гаднаас харахад жирэмсэн болох нь хараахан мэдэгдэхээргүй байгаа.
Энэ долоо хоногт танд гарах өөрчлөлтүүд:
- Өглөөгүүр дотор муухайрах,
- Тамир тэнхээ муутай байх,
- Өтгөн хатах,
- Хөх хөндүүр болох, хөх томорч, хөхний хүрэн хэсэг тодрох,
- Ойр ойрхон шээх,
- Толгой өвдөх, цээж хорсох,
- Хоол шингэхгүй байх, гэдэс дүүрэх,
- Уух хүрэх, заримдаа бүр учиргүй уйлах.
Энэ 7 хоногт таны хүүхэд:
  • Таны хүүхэд одоо 20-28 мм биетэй, ойролцоогоор 3 гр.
  • Таны хүүхэд хөдөлж эхэлсэн ч та үүнийг хараахан мэдрэх боломжгүй. Үүнийг мэдрэхийн тулд дахин 2 сар хүлээх хэрэгтэй.
  • Одоо таны хүүхдийн гол эрхтэнүүд бүрэлдсэн бөгөөд булчин, мэдрэлийн систем нь ажиллаж эхэлсэн байгаа.
  • Гараа нүүрэн дээгүүрээ, биедээ хүргэж, хөдөлгөж байгаа. Хуруунууд нь одооноос тодорч эхэлсэн.
  • Биеэ, гар хөлөө чангалж, суллаж чаддаг болсон байгаа.
  • Таны хүүхдийн чихний дэлбээ тодорхой харагдах боломжтой болсон.
  • Нүдний зовхи хэлбэрээ олж эхэлсэн. Биеийн цээж хэсэг нь уртсаж, илүү хүчирхэг болсон байгаа.
  • Хэдийгээр төмсөг эсвэл өндгөвч нь хэлбэрээ олж эхэлсэн ч, бэлэг эрхтэн нь тодрох болоогүй байна.
Жирэмсний 9 дэх долоо хоногийн мэдээлэл:
Жирэмсэн эхчүүдийн ихэнхэд нь /10 эмэгтэйн 2-т нь/ жирэмсний эхний 3 сард гутрал, сэтгэл санааны тавгүй байдал илэрдэг. Ихэвчлэн жирэмсний эхний 3 сард илэрдэг сэтгэлзүйн өөдрөг ба гутранги үзэл байнга өөрчлөгдөн хэвийн бус болдог. Ялангуяа хүсээгүй, төлөвлөөгүй, гэнэтийн жирэмслэлтүүдэд гэр бүлийн дарамт ихтэй, эцэг эхчүүд нь төдийлөн анхаарал тавьдаггүй, нийгэм-эдийн засгийн гачигдалтай орчинд амьдардаг эхчүүдэд энэ байдал их ажиглагддаг.
Жирэмсэн эхчүүд нь гутранги үзэлтэй, баяр хөөргүй, дотроо бодлоо хадгалж эхэлнэ. Үүнээс үүдэлтэй нойр, хоолны асуудал үүснэ. Олон нийтийг хамарсан арга хэмжээ, найз нөхдийнхөө цуглаанд оролцохыг хүсэхгүй. Тэр ч бүү хэл зарим эхчүүд, жирэмслэлтээ болон хүүхдээ хүсэхгүй байх нь ч бий.
Энэ байдлаас гарах арга зам нь тогтмол сайн амарч унтах, өдөр бүр шүршүүрт орох, аль болох шоколад-кофеноос хол байх хэрэгтэй. Тогтмол алхаж, чаддаг бол усанд сэлэх нь сэтгэл санааг тайвшруулдаг. Ялангуяа хүүхэдтэй найз нөхөдтэйгээ уулзаж, хүүхэд асаргааны талаар судлах нь энэ байдалтайгаа дасан зохицох үүднээс ашигтай алхамууд юм. Мэдээж хэрэг ийм үед гэр бүлийнхний болон нөхрийнх нь тэсвэр тэвчээр, тусламж дэмжлэг хамгаас чухал.
Хооллох зөвлөмж:
Өглөөгүүр дотор муухайрахад бөөрөлзгөний цай сайн байдаг гэж ярьдаг ч зааврын дагуу хэрэглэж, аль болох хэм хэмжээг хэтрүүлэхгүй байх нь чухал. Учир нь их хэмжээгээр хэрэглэвэл сав агшаадаг. Ашиг тус, хор нөлөөний ялгааг сайтар гаргах хэрэгтэй. Зулбах магадлалтай, дутуу төрөх эрсдэлтэй жирэмсэн эхчүүд яавч хэрэглэж болохгүй.
Өглөөгүүрх дотор муухайралтыг багасгахын тулд: 200 мл буцалсан халуун усанд 2 цайны халбагаар хатаасан, эсвэл шинэ бөөрөлзгөнө хийж 2 минут хандлан халуунаар нь уухад нэн тустай. Өдөрт нэг удаа л уухад хангалттай. Харин төрсний дараа хязгаарлалгүй, өдөрт 3 аягыг уусан ч болно. Учир нь сав агшааж өгч, шавхарга сайн гаргах үйлчилгээтэй, мөн ходоод гэдэсний үйл ажиллагаанд ч нэн тустай.
Та энэ долоо хоногоос эхлэн кальцийн агууламж өндөртэй бүтээгдэхүүнээр хооллох хэрэгтэй. Кальцийн хэрэгцээгээ хангахын тулд сүү уух хэрэгтэй. Хэрвээ сүү уух дургүй байвал сүүн бүтээгдэхүүн болох тараг, шинэ бяслаг идэж болно. Эмчийнхээ заавраар танд тохирох жирэмсний мултивитамин, төмрийн бэлдмэл, фолийн хүчлээ ууж эхлэх нь зүйтэй.

No comments:

Post a Comment