13 дахь долоо хоногоор жирэмсний 2 дахь 3 сар эхэлж байгаа бөгөөд энэ үе бол ихэнх жирэмсэн эхийн хувьд бал сар шиг өнгөрдөг үе юм.
Учир нь эх маань жирэмслэхээсээ өмнөх үеийн эрч хүчээ эргүүлэн олж авах бөгөөд дотор муухайрах, огуйлах зэргийн зовиуртай шинж тэмдгүүд түүний хувьд нэгэн дурсамж болон ард үлдэх нь тэр. Эх маань өөрийгөө гайхамшигтай сайхнаар мэдрэх бөгөөд ирэх саруудад илрэх зарим зовиурууд одоохондоо сураг ч үгүй байна. Анхны хүүхдээ тээж буй эхчүүдийн хувьд энэ цаг мөчүүд аль болох хүүхдийн асаргаа, сувилгааны талаар аажим аажмаар мэдээлэл судалж, хүүхдийн сайн эмч хаана байдаг талаар ч мэдэж байхад илүүдэхгүй. Хүүхдийн асаргаа сувилгааны талаар судлах нь тухайн эхийг төрөлтийн айдсаас холдуулж, сэтгэл зүйн хувьд өөрийгөө тайвшруулах нэгэн арга барил болно.
Хөхний хөндүүр байдал одоо хэрнээ үргэлжилсээр байж болно. Толгой өвдөх, өтгөн хатах, ходоод хорсох нь ч мөн үргэлжлэх магадлалтай. Таны ууж байгаа фолийн хүчлээс шалтгаалан иймэрхүү зовиур илэрсээр байгаа ч энэ нь ургийн эрүүл мэндэд сайн нөлөөтэй учраас орхиж болохгүй. Харамсалтай нэгэн зүйл бол энэ долоо хоногоос зарим эхчүүдийн гэдэс язарч эхэлдэг талтай. Иймээс аль болох гэдэс ба түүний ойр орчны арьсыг чийгшүүлж, өөрөөс шалтгаалах зохих арга хэмжээг авч байх нь зүйтэй. Учир нь гэдэсний язралт нь төрсний дараа ч эмчлэгдэх боломжгүй учир анхнаас нь анхаарч байхад илүүдэхгүй. Язралтын эсрэг шингэн зүйл сайн ууж, шинэ жимс, ногоо идэж, дасгал хийж, жингээ хянаж байх нь сайн үр дүн өгдөг. Язралтын эсрэг тусгай тос, ялангуяа какаотой тос хэрэглэх нь зүйтэй.
Таны хүүхэд энэ долоо хоногт:
- Таны хүүхэд энэ долоо хоногт ойролцоогоор 7 см биетэй, 24 гр жинтэй болсон байна.
- Буйланд нь 20 шүдний ор мөр гарсан байгаа.
- Нүүр царай нь улам бүр хүнтэй төстэй болж байгаа.
- Аман дотор нь тагнай хэсэг хоорондоо нийлж эхэлсэн.
- Амаа нээж, уснаасаа ууж чадаж байгаа.
- Нүүрний арьсанд нь шар үсний уг тодорч эхэлсэн байгаа
- Ургийн гэдэс нь биеийн гадна хэсгээс хэвлий руу орж, хэвлийн хөндийд өөрийн байраа олсон байгаа.
- Ургийн хоолой хэсэгт дууны өнгө бүрэлдэж гүйцсэн. Одоо бол дуу гаргаж чадах хэмжээнд хүрсэн байгаа.
- Ургийн элэг нь цөс ялгаруулж эхэлсэн байгаа. Ялгаруулсан цөс нь цөсний уутанд нөөцлөгдөнө.
- Бэлэг эрхтэний хөгжил нь бараг гүйцсэн байгаа, сайтар ажиглаж харвал эрэгтэй, эмэгтэйг нь ялгах боломжтой болсон.
- Гар, хөлийнх нь хумс ургаж байгаа.
- Зарим яс нь хатуурч эхэлсэн байгаа.
- Ургийн нүүр, чих, нүд, хамар нь байраа эзэлсэн байгаа.
- Гар нь ургаж, хөдлөхөд илүү чөлөөтэй хөдөлж байгаа.
- Эхэс бүрэн ажиллагаатай байгаа бөгөөд даавар үйлдвэрлэж, ургийн хоол тэжээл, хүчил төрөгчийн хэрэгцээг ханган нийлүүлэх үүргээ бүрэн гүйцэтгэж байгаа.
- Ураг усаа уушгиараа дамжуулан авч, гаргаж байгаа.
Энэ долоо хоногийн мэдээлэл :
Төмрийн дутагдал /төмөр нь амьтны гаралтай хүнс, ногоон навчтай хүнсний ногоонд их хэмжээгээр агуулагддаг/, фолийн хүчлийн дутагдал, шамбарам зэрэг шалтгаанаас болж цус алдах үндсэн шалтгаан болдог. Жирэмсний явцад төмрийн бэлдмэл ууж, төмрийн хэрэгцээгээ нөхөхгүй бол хэвлий дэх ураг ээжийнхээ төмрийн нөөцийг дуусгах болно. Үүнээс шалтгаалан дутуу төрөлт, хэвлий доторх дутуу хөгжил, төрсний дараах эдгэрэлт удаашрах гэх мэтийн сөрөг үр дагавар гарч болох юм. Ийм учраас ялангуяа цус багадалттай эхчүүд жирэмсний 3 сараас хойш төмрийн бэлдмэлийг эмчийн заавраар уух нь зүйтэй юм.
Хооллох зөвлөмж :
Жирэмсний явцад, нэг талаас урагт төрсний дараа хэрэгцээтэй төмрийг нөөцлөх, нөгөө талаас эхийн эзэлхүүн нь ихсэж байгаа цусанд хангалттай хүчил төрөгчийг өгөхийн тулд нэлээд хэмжээний төмрийг гаднаас авах шаардлагатай байдаг. Амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах төмөр нь хүнсний ногоо, хатаасан жимсэнд агуулагддагаас илүү сайн шимэгддэг. Хэрвээ та мах иддэггүй бол төмрийн шимэгдлийг нэмэгдүүлэхийн тулд аль болох С витамин ихтэй хүнс тэжээлээр хооллох хэрэгтэй. Хоолны дэглэм барих, төмрөөр баялаг хүнсээр хооллох нь дангаараа төмрийн дутагдлыг нөхөхөд хангалтгүй. Тиймээс өдөр ирэх тусам ихэссээр байгаа төмрийн хэрэгцээг хангахын тулд тусгай төмрийн бэлдмэл эмийг уух хэрэгтэй. Төмөр бол эхийн болон ургийн хамгийн үндсэн хэрэгцээний нэг мөн. Төмөр дутагдснаас болж эхэд ядрангуй, сул дорой, төрөх явцад савны базлах хүч сул, нүүр царай цонхигор, үс унах гэх мэтийн шинж тэмдэгүүд илэрдэг. Төмрөөр баялаг хоол хүнс : Өөхгүй мах, туна загас, элэг, цувдай, усан үзэм г.м.
No comments:
Post a Comment