2015/02/13

Жирэмсний 17 дахь долоо хоног

Өдөр ирэх тусам томорч буй ургийг тээгч таны гэдэс одоо хүйс, аарцагны ясны дунд хавьцаа ирсэн байгаа бөгөөд замынхаа ид дунд ирсэн байна гэж хэлж болно.
Хүйс рүү дөхөх тусам нурууны хонхор хэсэг улам зузаардаг. Иймээс та аль болох чөлөөтэй, биед эвтэйхэн, сул хувцас өмсөх хэрэгтэй. Та өнөөдрийг хүртэл 2-4 кг жин нэмсэн байх нь жирийн үзэгдэл. Ээж маань шөнө унтахдаа хэвтэх байршлаа нарийвчлан сонгодог үе одоо ингээд эхэлж байна. Дээшээ харж хэвтэхээр дотор эвгүйрдэг нь таны хэвлийд бойжиж буй ураг төв мэдрэлийн судсан дээр дарснаар цусны эргэлтийн хэм алдагддаг. Иймээс дээш харж хэвтэх боломжгүй юм. Хамгийн боломжийн байршил нь зүүн тал дээрээ хэвтэх юм. Та хэвтэхдээ гэдсэн дороо болон хоёр өвдөгнийхөө завсарт жижигхэн, нимгэн дэр хавчуулбал илүү тухтай байх болно. Хэвлийн цусны эргэлтийн ихэнхийг зүүн хэсэг гүйцэтгэдэг учраас зүүн талаараа хэвтэхийг эмч нар зөвлөдөг.
Хэрвээ та сэвхддэг бол энэ долоо хоногоос эхлэн бүдэг хүрэн толбонууд таны нүүр хэсэг дээр тодорч эхэлнэ. Сэвхдэлт нь ихэвчлэн дух, хамар, дээд уруул, хацар хэсэгт тодорч, нүүрэндээ маск түрхсэн мэт харагддаг. Энэ нь жирэмслэлттэй холбоотой түр зуурын үзэгдэл бөгөөд төрсний дараа алга болох учраас та сандрах хэрэггүй юм. Та гэрээсээ гарахдаа нарнаас хамгаалах тос түрхвэл сэвх төдийлөн тодрохгүй. Мултьвитамин уух нь мөн сэвхийг тодруулахгүй байх бас нэг арга.
Таны ууж буй мултьвитамины нөлөөгөөр танд гэдэс дүүрэх, өтгөн хатах, цээж хорсох зовиурууд танд илэрч болно. Витаминыг хоолны дараа ууж байх хэрэгтэй. Хэрвээ та нэмэлт цус төлжүүлэх эм ууж байгаа бол мултвитаминээсээ тусд нь өглөө, орой гэх мэтээр салгаж уух нь зүйтэй. Ойр ойрхон шээс хүрч болно. Өтгөн хаталтаас сэргийлэхийн тулд өдөрт 6-8 аяга ус уух хэрэгтэй. Мөн жимс жимсгэнэ идэж байвал сайн. Язралтаас сэргийлэх аргаа одооноос хэрэглээрэй.
Таны хүүхэд энэ долоо хоногт:
  • Таны хүүхэд энэ долоо хоногт 13 см, 140 гр болсон байна.
  • Өөх хуримтлуулсаар байгаа бөгөөд дөнгөж төрсөн хүүхдийн биеийн жингийн 70 хувь нь өөхний эд эсээс бүрддэг гэдгийг та мэдэх үү?
  • Таны хүүхэд одоо яг л хүн төрхтэй болсон байгаа.
  • Нүдээ илүү их хөдөлгөж чадаж байгаа.
  • Хүйн холбоос нь илүү зузаарч, хүчтэй болсон байгаа.
  • Мөгөөрсөн бүтэц нь ясжиж эхэлсэн.
  • Хамгийн гайхалтай нь одоо танай хүүхдийн хөлийн ул мөр тодорхой болсон байгаа гээд бод доо та.
Энэ долоо хоногийн мэдээлэл :
Гадаад оронд ихэвчлэн хийдэг ургийн уснаас шинжилгээ авах явц жирэмсний 16-18 долоо хоногтойд хийгддэг. Энэ шинжилээний гол зорилго бол эмчлэх боломжгүй, удамшлын бус, онцгой өвчнийг оношлох юм. ЭХО-гоор ямар нэгэн ургийн гажиг илэрвээс /энэ нь эхийн нас 35-аас дээш байх, эхийн гэр бүлээс удамшсан ямар нэгэн өвчний улмаас/ энэ шинжилгээг хийх шаардлага төрдөг байна. Уг шинжилгээг авахад ЭХО буюу хэт авиан дуранг ашиглах нь урагт ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхээс урдчилан сэргийлэх болно. Ургийн уснаас авах энэхүү шинжилгээний хариу нь 14-30 хоногийн дараа гардаг. Энэ шинжилгээг хийхэд ураг зулбах аюул бараг байхгүй бөгөөд 200-д 1 тохиолдох эрсдэлтэй гэж үздэг. Иймээс зохих нарийн мэргэжлийн эмчээр энэ шинжилгээг хийлгэх нь юу юунаас чухал юм.
Хооллох зөвлөмж :
Нойргүйдэлд автсан, нойр нь хүрэхгүй байгаа жирэмсэн эхчүүдэд зөвлөхөд унтахаасаа өмнө бүлээн сүү уух, аль болох В витаминээр баялаг хоол хүнс хэрэглэх, өдөр тутамд тогтмол дасгал хийх, балжингарам, нимбэгний цай уух хэрэгтэй. Мөн утнахаасаа өмнө цусан дахь сахарын хэмжээг өсгөхийн тулд хөнгөн чанарын юм идэхийг зөвлөж байна. Оройн хоолны дараагаар шингэн зүйл уухгүй байх нь шөнө дунд ойр ойрхон шээхээр босохгүй байхад тань тустай. Цай, кофе, кола, шоколадь мэтийн шээсний хэмжээг ихэсгэгч зүйлсийг хязгаарлах хэрэгтэй.

No comments:

Post a Comment