Бараг л бүх жирэмсэн эхчүүдийн хамгийн ихээр хүсэж мөрөөддөг зүйл бол хэвлий дэх үрийнхээ анхны хөдөлгөөнийг мэдрэхийн тулд маш ихээр яардаг.
Ерөнхийдөө ургийн хэвлий дэх анхны хөдөлгөөнийг эхчүүд 18-22 дахь долоо хоногт мэдэрдэг. Уг нь бол жирэмсний 7 дахь долоо хоногоос эхлэн ураг хэвлий дотроо хөдөлж эхэлдэг ч дөнгөж л одоо л тэр маань ээждээ хөдөлж байгаагаа мэдрүүлэх хэмжээнд хүчтэй болсон байна гэсэн үг. Та өөрийгөө толинд харахад нүүрэн дээр чинь сэвх тодорч, арьсны цаанаас нарийн судаснууд туяарч харагдаж байгаа байх. Иймээс ч таны нүүрний арьс улаавтар харагдаж байгаа. Жирэмсэн эхчүүд энэ байдлаа энгэсэг түрхэн далдална. Гэхдээ таны нүүрэнд гарч буй энэ өөрчлөлт хэсэг хугацааны дараа алга болох түр зуурынх учраас та санаа бүү зов.
Таны үсний ширхэг илүү нарийсаж, хугарч гэмтэж байгаа. Хуурай үс улам хуурайшиж, харин тослог үс бүр ч ихээр тослогдоно. Та өөрийнхөө үсчний зөвлөгөөг даган өөрийн үсэнд тохирох тэжээлийн тос, шампунь хэрэглэх хэрэгтэй.
Энэ долоо хоногт танд өтгөн хатах, ходоод өвдөх, цээж хорсох зовиурууд мэдрэгдэж болох ч энэ нь таны ууж байгаа витаминуудаас үүдэлтэй гэдгийг мартаж болохгүй. Өтгөнөө хатаахгүйн тулд өдөрт 2 удаа сайн чанарын жимс идэж, шингэн зүйл сайн уух хэрэгтэй. Гэдсээ язрахаас хамгаалан язралтын эсрэг тос хэрэглээрэй.
Таны хүүхэд энэ долоо хоногт :
- Таны хүүхэд энэ долоо хоногт 14 см, 190 гр жинтэй болсон байна.
- Ургийн эхэс ч мөн маш түргэн хөгжсөөр байгаа.
- Хүүхдийн тань гар, хөл нь өдөр ирэх тусам улам урт болж байна.
- Дууны өнгө нь хөгжиж гүйцсэн боловч та түүний уйлахыг сонсохын тулд дахиад жаахан хүлээх хэрэгтэй болж байна.
- Зүрхний доторх тасалаануудыг ЭХО-гоор харах боломжтой болсон байгаа ч, түүний зүрх нь бүрэн бүрэлдэн хөгжиж дуусаагүй байгаа.
- Ургийн биеийн гадуурх хэсгийг тослог цагаан зүйл бүрхсэн байгаа бөгөөд Верникс хэмээн нэрлэгддэг энэ тослог зүйл нь ургийг уснаас нь хамгаалдаг зүйл юм.
- Одоо таны хүүхдийн яс бэхжиж байгаа учраас та хангалттай кальцийг хоол хүнсээрээ авах хэрэгтэй.
- Эрэгтэй хүүхдийн түрүү булчирхайн хөгжил нь гүйцэж байгаа бөгөөд эмэгтэй хүүхдийн өндгөвч нь хөгжиж өндгөн эс ялгаруулж эхэлсэн байгаа.
Энэ долоо хоногийн мэдээлэл :
100 жирэмсэн эхээс 90-ийнх нь гэдэсний доод хэсэг, цөөн тооны эхчүүдийн хөх, өгзгөн дээр нь язралт үүснэ. Жирэмсний даавар ихэсч байгаатай холбоотойгоор таны арьсны бүтцэнд өөрчлөгдсөн байгаа. Язралт нь тодорхой хэмжээгээр удамшдаг байна. Хэт их жин нэмэх, олон удаа төрөх, тогтворгүй хооллолт болон шингэн дутагдсанаас болж язралт үүсдэг. Арьсийг язралтгүй зөөлөн сунахад нь тусалж, тогтмол арьс чийгшүүлэх крем хэрэглэх нь зүйтэй.
Хооллох зөвлөмж :
Жирэмсэн үед таныг хамгийн хээр зовоох зовиур бол өтгөн хаталт бөгөөд та энэ зовиурын эсрэг тогтмол арга хэмжээ авч, хоол хүнсээ тохируулснаар үүнийг даван туулах боломжтой. Хамгийн чухал дүрэм бол хангалттай хэмжээнд шингэн зүйл идэж, ус уух. Ялангуяа чангаанзны шүүс, чавганы компот өтгөн хаталтанд нэн тустай. Шинэ ургацын бүх төрлийн жимс, хүнсний ногоо, тэр дундаа чангаанз, илжгэн чих, байцаа, усан үзэм, буурцагны төрлийн бүтээгдэхүүнүүд ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулж өгдөг.
Та өглөөний цайндаа хэвэгтэй талх идэж, өдөрт 1 аяга жимс болон 1 аяга тослог багатай сүү хэрэглэх нь танд тустай. Мэргэжлийн эмч нарын зөвлөснөөр өглөөд хальсыг нь арилгасан ногоон алим ч мөн нэн тустай байдаг. Мөн түүнчлэн тогтмол алхаж, эмчийн тань зааж зөвлөснөөр дасгал хийж байх нь бие засах дэглэмийг тогтооход тус болох болно.
No comments:
Post a Comment