2015/02/13

Жирэмсний 20 дахь долоо хоног

Танд баяр хүргэе. Та замынхаа яг талд хүрч ирсэн байна.
Энэ долоо хоногоос эх маань өөрийгөө гайхамшигтай сайхнаар мэдэрч, алдсан эрч хүчээ эргүүлэн авч эхэлсэн байгаа. Ургийн байрлал эхийн хүйсний харалдаа ирсэн байгаа бөгөөд таныг жирэмсэн гэдгийг хүн бүхэн анзаарах боломжтой болсон байгаа. Эмчийн зөвлөснөөр та энэ долоо хоногт 3-н хэмжээстэй хэт авиа буюу ЭХО-гоор ургийн гажиг харуулах болно. Танд зөвлөхөд та хань нөхөртэйгээ хамт үзүүлбэл илүү сайхан мэдрэмж төрөх болно. Мөн ургийн зүрхний цохилтыг танд дуулгаж, минутанд хэдэн удаа цохилж байгааг тоолно. Ойролцоогоор ургийн зүрхний цохилт 1 минутанд 120-160 удаа цохилдог. Эмч таны хэвлийд бойжиж буй хүүхдийн тань эрхтэн бүрийг нарийвчлан харж ямар нэгэн гажиг согог байгаа эсэхийг тодорхойлж, шаардлагатай бол эмчилгээ бичиж өгөх болно. Энэ долоо хоногоос эхлэн таны гэдэсний арьс татагдах учраас бага зэргийн загатнаж эхэлж мэднэ. Тиймээс аль болох арьсыг чийгшүүлж, маашихгүй байх нь юу юунаас чухал.
Жижигхэн биетэй, намхан нуруутай, жин ихтэй эхчүүдийн хувьд амьсгаадах үзэгдэл илэрнэ. Ялангуяа амьсгалын замны халдварт өвчнөөр өвчилбөл амьсгаадах нь улам бүр ихэсч, амьсгаа давхцаж эхэлдэг. Тиймээс ханиад, томуугаар өвчилсөн үедээ заавал эмчид хандаж байх нь зүйтэй. Учир нь 100-д 1 эхэд астимын асуудал үүсдэг байна. Астимтай эхийн жирэмсний үед ямар нэгэн өөрчлөлт гарахгүй байж болох ч, захим нь бүр ихсэж, зарим нь намждаг байна. Сүүлийн үеийн судалгаагаар охин тээж буй эхчүүдийн хувьд астим илүүтэйгээр ихэсдэг гэж гарсан байдаг. Жирэмсний үед хэрэглэж болдог астимын эм, эмчилгээ байдаг.
Энэ сараас эхлэн эхчүүдийн гэдэс томрох тусам төрөхөөс айж эхэлдэг нь элбэг байдаг. Яаж төрөх талаар шийдвэрлэхэд хэтэрхий эрт байгаа боловч, төрөлт бол эмэгтэй хүн бүрт тохиодог жам ёсны үзэгдэл гэдгийг мартаж болохгүй. Жирэмсэлсэн сараас эхлэн хань нөхөр тань үргэлж хамт байж, байнга тусалж дэмжвэл сэтгэл санааны хувьд илүү таатай байх бөгөөд зөв зохистой хооллох нь жирэмслэлтийн явцыг эрүүл саруул туулж өнгөрүүлэхэд тустай юм. Сэтгэл санааны хувьд тайван, зоригтой байж эмчдээ бүрэн итгэж, төрсний дараа хүүхдийнхээ ангир уургыг хайр дүүрэн амлуулан хөхүүлэн нь юу юунаас чухал гэдгийг мартаж болохгүй.
Таны хүүхэд энэ долоо хоногт :
  • Таны хүүхэд энэ долоо хоногт 16,5 см, 300 гр жинтэй болсон байна.
  • Хүүхэд тань туулах замынхаа талд нь ирсэн байна.
  • Одоо зүрх нь илүү хүчтэй, сайн цохилж байгаа.
  • Булчин, шөрмөс нь ч мөн илүү хүчтэй болсон.
  • Энэ долоо хоногт эхэд агуулагдах дархлааны эсүүд урагт шилжинэ.
  • Тархин дахь мэдэрхүйнүүдийн төв хэсэг маш хурдацтай хөгжиж байгаа /амтлах, үнэрлэх, сонсох, харах, мэдрэх/
  • Хүчтэй дуу чимээнд хариу үйлдэл хийж чадаж байгаа болохоор одоо та хүүхдэдээ хөгжим сонсгож болно.
  • Охин хүүхдийн өндгөвчинд нь 6 сая өндгөн эс бүрэлдсэн байгаа. Сав, үтрээ нь бүрэн хөгжиж гүйцээд, бэлэг эрхтний гадна хэсэг мөн хөгжиж гүйцсэн байгаа.
Энэ долоо хоногийн мэдээлэл :
Жирэмсний хяналтанд орсон өдрөөс эхлэн эмчийнхээ ир гэсэн хугацаанд очих бүрт таны биеийн жин, даралт, аарцагны хэмжээг эмч байнга үзэж хэмжиж байгаа байх. Жирэмсний явцад цусны даралт 140/90-ээс өндөр байвал даралт өссөн гэж үзээд эмчийн тусгай хяналтанд байх ёстой. Даралт өсөхтэй зэрэгцэн ялангуяа анхны төрөгч эхчүүдийн шээсэнд уураг ялгарах үзэгдэл илэрдэг. Энэ бол жирэмсэн эхийн хувьд хэвийн бус, аюултай нөхцөл юм.
Ийм нөхцөл байдалд илүү их эрсдэлтэй бүлгийн хүмүүс бол:
- Жирэмслэхээсээ өмнө үе үе даралт ихэсдэг байсан,
- Өмнөх жирэмслэлтийн үед даралт ихэсдэг байсан,
- Хэт тарган, жин ихтэй хүмүүс,
- 20-оос доош насны, 40-оос дээш насны жирэмсэн эхчүүд,
- Ихэр жирэмсэн,
- Сахар, бөөрний өвчтэй хүмүүс юм.
Хооллох зөвлөмж:
Загас идэх нь зүрхний өвчтэй хүмүүсийн хувьд эрсдлийг багасгаж, хүхрийн агууламжаараа эрүүл хооллолтод тооцогдох авч та загас идэхдээ зарим зүйлс дээр анхаарах хэрэгтэй. Ялангуяа жирэмсэн эхчүүд маань туна загас, яргай загас, гүний усны загас болон далайн амьтныг идэхээс зайлсхийх хэрэгтэй. Эмч на жирэмсэн эхчүүдэд нуурын загас, тунгалаг усны загаснуудыг идэхийг зөвлөдөггүй.

No comments:

Post a Comment