Гэдэс томрох тусам хийгээр дүүрэх нь элбэг байдаг. Шалтгаан нь мөн л нөгөө дааврын өөрчлөлтийн улмаас хоол боловсруулах системийн булчингууд суларснаас болж байгаа юм.
Гэдэс хийгээр дүүрэх нь ялангуяа оройн цагаар ихэснэ. Гэхдээ урагт болон ургийн хөгжилд ямар нэгэн гаж нөлөө байхгүй.
Таны хүүхдийг тээж буй сав таны хүйснээс 1 см дээшилсэн байгаа. Гэдэс томрох тусам савыг бэхлэгч холбоосууд чангарч, үүнтэй холбогдуулан цавь руу хатгаж өвдөж болно. Энэ хатгаж өвдөх нь жирийн үзэгдэл бөгөөд гэдэс томорч байгаагийн шинж тэмдэг юм. Гэхдээ цавиар хатгаж өвдөхийн зэрэгцээ доошоо цус юм уу, ургийн ус гарвал та эмчид яаралтай хандаарай.
Таны хүүхэд энэ долоо хоногт :
- Таны хүүхэд энэ долоо хоногт 26,7 см, 360 гр жинтэй болсон байна.
- Хэт авиан дурангаар гаднаас нь харахад хөдөлгөөнийг нь, өшиглөж байгааг нь харах боломжтой. Одоогоор хөдлөх зай ихтэй байгаа учраас гэдсэн дотроо дасгал хийж байгаа мэт хөдөлж байгаа.
- Хурц гэрэл, дуу чимээг сайн мэдэрч байгаа.
- Унтаж сэрэх цаг нь тогтворжиж, тодорхой үечлэлтэй болсон байгаа. Ихэвчлэн ээжийгээ унтсан үед илүү их хөдөлгөөнтэй болдог.
- Цусанд нь цагаан эсүүд бүрэлдэж эхэлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор ургийн өөрийгөө хамгаалах механизм нь хөгжиж, өрөвсөл, халдварын эсрэг тодорхой хэмжээний хамгаалалттай болсон байгаа.
- Арьс нь хэт нимгэн байхаа больж, зузаарч байгаа бөгөөд ургийн ясны дээд хэсгээр өөх хуримтлагдаж эхэлсэн байгаа.
Энэ долоо хоногийн мэдээлэл :
Төрсний дараа хүүхдийг эхний 4-6 сар хүртэл нь зөвхөн эхийн сүүгээр хооллох нь хамгийн чухал зүйл. Эхчүүд маань жирэмсэн байхаасаа үүнийг сайтар ухаарч, сэтгэл зүйгээ бэлдэн төрснийхээ дараа аль болох үүнийг биелүүлэхийн төлөө өөрийн хүчээ дайчлах хэрэгтэй. Эхийн сүүгээр хооллох нь дөнгөж төрсөн хүүхдийг чацаг алдах, томуугаар өвчлөх, чихний өрөвсөл, шээсний сувгийн өрөвсөл зэргийн өвчнөөс сэргийлдэг. Эхийн сүүгээр хооллосон хүүхэд нь илүү ухаалаг байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Хүүхдээ хөхөөр хооллох нь эхийг нас ахих үед өндгөвч, хөхний хорт хавдарт өртөхөөс хамгаалдаг байна.
Хооллох зөвлөмж :
Долоо хоногт хамгийн багадаа 1 удаа загас идэж байх нь жирэмсэн эхэд болон хэвлий дэх урагт эерэг нөлөөтэй юм. Харин загсаа зөв сонгон, эх орны шинэхэн, нөөшлөөгүй загас хэрэглэх нь зүйтэй. Гэвч зарим эхчүүд хэт хурц үнэрээс эвгүйрхэж, загас идэхээс зайлсхийдэг. Тиймээс загасны оронд юу идвэл илүү сайн бэ хэмээн хайж эхэлнэ. Зарим нь загасны тосыг хэрэглэдэг.
Загасны тосны агууламж бүхий Omega 3 нь зүрх судас, тархинд нэн тустай тосыг өөртөө агуулдаг. Хэрвээ жирэмсэн эх маань 7 хоногт 1 удаа загас иддэг бол нэмэлт загасны тосны агууламжтай таблет уух хэрэггүй. Зүгээр нэг загасны тос жирэмсэн эхэд таарахгүй, сөргөөр нөлөөлж мэднэ. Загасны тосыг загасаар эсвэл, загасны элгээр хийдэг. Ялангуяа загасны элгээр хийсэн загасны тос нь жирэмсэн эхчүүдэд хортой. Түүнд агуулагддаг өндөр дозтой А витамин нь ургийн тархинд согог үүсгэх аюултай.
Жирэмсэн эхчүүдэд хэрвээ загас иддэггүй бол эмчийн зөвлөгөөгөөр 3 хоногт 1 удаа уухаар жирэмсэн хүмүүст зориулан үйлдвэрлэсэн /манай улсад худалдаалагддаггүй/ загасны цээж хэсгээр хийсэн загасны тосыг хэрэглэхийг зөвшөөрдөг. Хэрвээ загасны тосыг хэрэглэхийг хүсэхгүй бол гэрийн нөхцөлд хамгийн тохиромжтой зүйл бол өдөрт 2-3 бөөрөнхий хушаг идэж болно. Хушаг бол угаасаа хэлбэр дүрсээрээ хүний тархитай ижилхэн учраас ургийн болон эхийн тархинд сайн нөлөөтэй.
No comments:
Post a Comment