Эхийг маань хамгийн ихээр зовоож буй зүйл бол эрчимтэй томорч буй гэдэсний арьс нь загатнаж байгаа явдал юм.
Өдөр ирэх тусам, гэдэс томрох тусам энэ загтнаа улам бүр ихсэх магадлалтай. Загтнааг арилгахын тулд арьсаа сайтар чийгшүүлэх хэрэгтэй. Хамгийн натурал чийгшүүлэгч бодис бол чидун жимсний, бидний хэлж заншнаар оливын тос юм. Мөн биеийн чийгшүүлэгч тосоор оройд гэрийн нөхцөлд амарч байхдаа масаж хийж чийгшүүлэх нь нэн тустай. Нөгөөтэйгүүр өөрөө хэвтэж байгаад нөхрөөрөө иллэг хийлгэвэл танд илүү таатай, хэвлий дэх хүүхэдтэйгээ ээж, аав нь эртнээс харьцсан болно шүү дээ.
25 дахь долоо хоногт ургийг тээж буй сав дундажаар хөл бөмбөгийн бөмбөг шиг болсон байгаа бөгөөд эрчимтэй томорч байгаа. Томорч буй ураг хэвтэхэд мэдрэлийн судаснуудыг дардаг учраас эхийн нуруу, хөл чинэрэх, өвдөх магадлалтай байдаг. Нурууны өвдөлтийг намжаахын тулд ойр ойрхон байрлалаа өөрчлөн хэвтэж, аль болох удаан хугацаагаар хөл дээрээ зогсохгүй байх, боломж гарах болгонд амрах, бүлээн шүршүүрт орох, мөсөөр жин тавих, мөн эмчийн зөвлөгөөгөөр өвчин намдаах эм хэрэглэж болно.
Таны хүүхэд энэ долоо хоногт :
- Таны хүүхэд энэ долоо хоногт 34 см, 660 гр жинтэй болсон байна.
- Хүүхэд тань зогсуулж байна уу? Тиймээ тийм. Яагаад гэж үү? Яагаад гэвэл танай хүүхэд одоо уснаасаа ууж, уушгиндаа сорж буцааж гаргах хэлбэрээр амьсгалж байгаа. Тэр заримдаа үүнийг их олон удаа давтан хийснээсээ болоод зогсуулж байгаа юм.
- Одоо танай хүүхдийн гараараа юм барих рефлекс нь хөгжсөн байгаа.
- Нуруу, нугасны мэдрэлийн систем нь бүрэлдэн хөгжиж гүйцсэн байгаа.
- Уушгин дахь судсан систем нь бүрэлдсэн байна.
- Төрснийхөө дараа эхний өдрүүдэд хүүхдээс гардаг язмаг хэмээх хар баас гэдсэнд нь бүрэлдэн тогтсон байгаа. Зарим хүүхдүүд төрөхөөсөө өмнө усан дотроо энэ ялгадасаа гаргасан байдаг.
- Одоо таны хүүхдийн чих нь бүрэн ажиллагаатай болсон бөгөөд тэр ч бүү хэл чанга дуугарах дуунд нүдээ нээж, аниж хариу үйлдэл хийж байгаа.
- Хамрын нүх нь нээгдэж эхэлсэн байгаа бөгөөд хүүхэд одоо үнэр авч чадаж байгаа гэдэг.
Энэ долоо хоногийн мэдээлэл :
Төрсний дараах анхны өдрүүдэд гардаг эхийн сүүг “ангир уураг” гэж нэрлэдэг. Энэ бол хүүхдийн хувьд хамгийн их шим тэжээлтэй хоол юм. Ангир уураг багахан хэмжээтэй байдаг бөгөөд хүчтэй, чанартай сүү юм. Хүүхдийг бүх төрлийн өвчин эмгэгээс хамгаалах увидастай. Дөнгөж төрсөн хүүхдэд эхний 6 долоо хоногт өвчний эсрэг дархлаа байдаггүй учраас хүүхдийг эхийн сүүгээр сайтар хооллох нь түүнийг өвчнөөс сэргийлж байна гэсэн үг. Ангир уургаа сайн хөхсөн хүүхэд гэдэс ходоодоо сайн цэвэрлэж, төрсний дараах шарлалтын эрсдэл нь багасдаг.
Хооллох зөвлөмж :
Сүү бол хүүхдэд хамгийн хэрэгцээтэй кальци, уургаар баялаг нөөц юм. Гэвч зарим жирэмсэн эхчүүд гэдэс их дүүрдэг хэмээн сүү ууж чадахгүй тохиолдол бий. Тиймээс сүүг юугаар орлуулж болох вэ хэмээн эмчид хандах нь ч бий. Жирэмсний эхний саруудад сүү уух нь төдийлөн хэрэгцээтэй бус ч, 20 дахь долоо хоногоос хойш ургийн ясны хөгжилд сүү бол нэн шаардлагатай зүйлсийн нэг болж эхэлнэ.
Хэрвээ та сүү ууж чаддаггүй бол :
- 1 аяга тослоггүй тараг
- 1 ширхэг хүүхдэд зориулан үйлдвэрлэгдсэн йогурт,
- 2 шүдэнзний хайрцаг шиг бяслаг, сийр
- 1 ширхэг сайн үйлдвэрийн найдвартай мөхөөлдөс
- Броколи байцаа, вандуй зэргийн аль нэгийг сонгон идэж болно.
Сүү сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ аль болох тосыг нь ялгасан хэлбэрээр хэрэглэвэл зүгээр. Энэ нь танд эхэн хэсэгтээ утгагүй санагдах боловч тосыг нь ялгасан сүү, сүүн бүтээгдэхүүнд илүү их хэмжээний кальци агуулагдсан байдаг юм. Тос нь танд хэрэггүй учраас та шаардлагагүй жин нэмэхгүй болно. Энэ төрлийн бүтээгдэхүүнүүд урагт ямар ч хор нөлөөгүй, харин ч хэрэгтэй.
No comments:
Post a Comment