2015/02/13

Жирэмсний 27 дахь долоо хоног

Танд баяр хүргэе, та 2 дахь 3 сараа ардаа орхилоо.
Ингээд сүүлчийн 3 сар эхэлж байгаа энэ үед та төрөх бэлтгэлээ бага багаар хангаж эхлэх нь зүйтэй. Ядаж л хаана, аль эмнэлэгт хүүхдээ төрүүлэхээ бодож эхлэх цаг нь болжээ. Мэдээж хэрэг та сонголтоо хийхдээ эмчийнхээ зөвлөгөөг дагах нь зүйтэй. Хэрвээ боломжтой бол чадварлаг эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарыг судалж эхэлсэн ч болно.
Ялангуяа сүүлийн 3 сард ихэнх эхчүүдэд анзаарагддаг нэгэн зовиур бол инээх, ханиах, дасгал хийх, гэнэт байрлалаа солин хэвтэх үед шээс алдах явдал байдаг. Энэ бол жирэмсний үед даавар нэмэгдсэн, томорсон гэдэс давсган дээр дарснаас болж үүсдэг нэгэн шинж тэмдэг. Урьд өмнө нь төрж байсан хүмүүст энэ шинж тэмдэг их илэрдэг. Үүнээс гарах арга зам бол тусгай дасгал хийх юм. Хамгийн хялбар тайлбар нь шээж байхдаа шээсээ таслан 10 секунд хүлээгээд дахин шээнэ гэсэн үг.
Гэдэс томрох тусам амьсгаа давхцаж, амьсгаа авахад ч хэцүү болдог. Энэ нь хэвийн үзэгдэл бөгөөд үүний өөр нэгэн хэлбэр нь дээшээ хараад хэвтэж чадахгүй байх юм. Ийм учраас зүүн талаараа хажуулдан хэвтэж гэдсэн дороо дэр ивэх нь танд илүү тухтай, таатай байх болно.
Таны хүүхэд энэ долоо хоногт :
  • Таны хүүхэд энэ долоо хоногт 36 см, 900 гр жинтэй болсон байна.
  • Нүд нь илүү гярхай, болор нь бүрэлдэж гүйцээд харанхуй, гэгээнд хариу үйлдэл хийж байгаа.
  • Уушгиараа тогтмол усаа ууж гаргаж байгаа бөгөөд төрсний дараах үедээ бэлтгэл хийж байгаа.
  • Таны гэдсэн дээр чихээ тавин чагнасан хүн хүүхдийн тань зүрхний цохилтыг ялгаж сонсож чадна.
  • Хүүхэд гэдсэндээ 24-28 дахь долоо хоногтойдоо хөдлөх орон зай ихтэй, өөрөө хөнгөн байгаа учраас илүү их хөдөлгөөнтэй байдаг. Зарим тохиолдолд хөдөлж байгаа нь гаднаас нь харахад ч мэдэгддэг.
  • Энэ долоо хоногоос эхлэн хэвлий дэх хүүхдийн тань амьдрал илүү тогтмол болж, унтаж байгаа, хөдөлж байгааг нь ээж нь мэдэж чаддаг болно.
  • Танай хүүхэд одоо ээж, аавынхаа дууг ялгаж сонсож, түүнд хариу үйлдэл үзүүлж байгааг та мэдэх үү?
  • Тархины үйл ажиллагаа нь эрчимтэй гүйцэж байгаа учраас түүнд чанга дуугаар ном уншиж, хөгжим сонсгохоо мартуузай.
Энэ долоо хоногийн мэдээлэл :
Өөрөөрөө төрөх явцад эхийн үтрээнд ямар нэгэн бактери байвал хүүхдэд халдварлан янз бүрийн өвчин үүсгэх аюултай байдаг. Тиймээс төрөхийн өмнө 37 дахь долоо хоногт мазокийн шинжилгээ авч эмч хянах ёстой. Шинжилгээ зүгээр гарсан ч гэлээ үтрээг цэвэрлэх зорилгоор зориулалтын лааг төрөхийн өмнө эмч нар хэрэглүүлдэг.
Хоолох зөвлөмж :
Сүүлчийн 3 сар бол жирэмсэн эхчүүдийн хувьд жин нэмэх авьяас нь тодордог үе. Ийм учраас жирэмсэн эхчүүд маань аль болох өөх тос багатай, эрүүл хүнсээр хооллох хэрэгтэй. Сүү, сүүн бүтээгдэхүүн, талх, цагаан будаа, гоймон, шинэ, чанартай хүнсний ногоо, жимс жимсгэнэ, мах, тахиа зэрэг уураг ихтэй хүнсийг түлхүү хэрэглэх нь зүйтэй. Ерөнхийдөө өдрийн 3 удаа хооллож, дундуур нь 3 удаа хөнгөн чанарын зүйлс иднэ. Хөнгөн чанарын зүйлсэд алим, гадил жимс, усан үзэм, шийгуа зэрэг орох бөгөөд эдгээрээс бага багаар, ээлж ээлжээр идэхийг хэлнэ. Их жимс идэх нь чихэрлэг зүйлс ихийг идсэнд тооцогдох болно.

No comments:

Post a Comment