2015/02/13

Жирэмсний 28 дахь долоо хоног

Жирэмсэн эхчүүдэд энэ долоо хоногоос эхлэн шөрмөс татах, хөл хавагнах, судас нарийсах, цагаан мах эргэх, гэдэсний арьс язрах, цээж хорсох, хоол шингэхгүй байх зовиурууд илэрч эхэлнэ.
Энэ бүх зовиуруудын эх үүсвэр нь 1000 гр-аас илүү давсан хүүхдийн тань танд үзүүлж буй даралт, шахалт юм. Энэ зовиурууд төрөх хүртэл улам бүр нэмэгдсээр байх болно. Та эмчдээ энэ бүх зовиураа тоочихоо мартуузай. Эмчийн бичиж өгөх эм, эмчилгээ нь таны энэ бүх зовиуруудыг багасгах болно.
Ялангуяа хөл дээрээ зогсож байх үед доош дарах, ойр ойрхон шээх зэргийн зовиурууд нь ихэвчлэн хүүхдийн байрлал бөгсөөрөө байгаагаас шалтгаалдаг байна. Хүүхэд 32 долоо хоногтойдоо толгойгоо доош харуулан байрлах ёстой. 28 дахь долоо  хоногтой дээрээ хэвлийд тээгдэж буй хүүхдүүдийн 50 хувь нь бөгсөөрөө байрлалтай байдаг байна. Гэхдээ эдгээрийн зөвхөн 4 хувь нь л 36 дахь долоо хоногоос хойш байрлалаа хадгалсаар байдаг байна. Харин үлдсэн хүүхдүүд бүгдээрээ л зөв байрлал буюу урвуу байрлалд шилждэг гэнэ. Хүүхэд бөгсөөрөө байрлаж байхдаа хөл нь байнга давсган дээр дарж, жийж байдаг учраас ойр ойрхон шээс хүргэдэг байна. Энэ нь жирийн үзэгдэл бөгөөд хүүхэд маань томрохоороо өөрт эвтэйхэн байрлал болох урвуу байрлалдаа шилжинэ.
Эхчүүдийн маань хамгийн их айдаг зүйлсийн нэг бол дутуу төрөх, хугацаанаасаа өмнө эрт төрөх айдас юм. Танд мэдрэгдэх хуурамч өвдөлтүүд олон байж болох ч, хэрвээ 1 цагийн дотор 4-5 удаа өвдөлт өгч, доош цусархаг зүйл, ус гарвал яаралтай эмчид хандах хэрэгтэй. Дутуу төрөх магадлал бүхий үед эмч нар эхийн гэдсэнд аппарат холбож ургийн зүрхний цохилтыг хянах ёстой. Шаардлагатай гэж үзвэл доогуур үзлэг ч хийж болно.
Таны хүүхэд энэ долоо хоногт :
  • Таны хүүхэд энэ долоо хоногт 38 см, 1000 гр жинтэй болсон байна.
  • Хөмсөг сормуус нь илүү тод болсон байгаа.
  • Үс нь нэлээн урт болсон байна.
  • Нүд нь бүрэн ажиллагаатай болж, нүдний хаалтын хөдөлгөөн нь жигдэрсэн байна.
  • Одоо танай хүүхэд булчин шөрмөсөө өөрийн хүссэнээр удирдан хөдөлгөж чадаж байгаа.
  • Танай хүүхдийн хөгжил маш сайн байна. Хугацаанаасаа өмнө дутуу төрсөн ч гэлээ, эмнэлгийн аппаратны тусламжтайгаар амьдрах чадвартай болсон байна.
  • Та хүүхэдтэйгээ ойр ойрхон ярилцах хэрэгтэй. Нэрээр нь дуудаж, дуу дуулж өгч болно. Учир нь хүүхэд тань ээжийнхээ дууг маш сайн ялгаж чадаж байгаа.
Энэ долоо хоногийн мэдээлэл :
Та цусныхаа бүлгийг үнэн зөвөөр нь мэдэж байгаа юу? Хэрвээ таны цусны бүлэг нигатиф буюу сөрөг /-/ бөгөөд нөхрийн тань цусны бүлэг позитиф буюу эерэг /+/ бол энэ хоёр цус таарахгүй байна гэсэн үг. Хэвлий дэх хүүхдийн цусны бүлгийг мэдэх боломжгүй учраас 28 дахь долоо хоногтойдоо цусны төв дээр очиж үүнээс хамгаалсан тариа хийлгэх ба хэрвээ төрсний дараа танай хүүхдийн цусны бүлэг аавтайгаа ижил буюу позитиф, эерэг /+/ байвал төрсний дараах 72 цагийн дотор эхэд дахин 1 удаа тариа хийдэг. Энэ нь дараачийн хүүхдүүд дээр ийм эрсдэл гаргахгүйн тулд юм.
Жирэмсэн эхчүүдэд хотоос гадагш явах зөвшөөрлийг 28 дахь долоо хоногоос хойш эмч нар олгодоггүй. Мөн 28 дахь долоо хоног хүртэл онгоцоор аялахыг зөвшөөрдөг. Үүний хамгийн гол зорилго нь эрүүл саруул тээж буй хүүхдийг онгоцонд сууж нисэх үед дутуу төрүүлж алдах эрсдлээс сэргийлж байгаа юм. Онгоцоор аялаж байхдаа аль болох онгоцон дотор бага багаар босож алхах, аюулгүйн бүсийг гэдэснийхээ доогуур бүслэх, шингэн зүйл их уух, өөх тосгүй хоол хүнсийг ойр ойрхон, бага багаар идэх хэрэгтэй. Нисэж байхад дотор муухайрч болохыг мартаж болохгүй.
Хооллох зөвлөмж :
Өдөр тутамд идэж буй хоол хүнсний ихээхэн хэсгийг бүрдүүлэх ёстой хивгэн, ширхэгтэй хоол хүнс нь жирэмсний үед өтгөн хаталтаас хамгаалах чухал үүрэгтэй. Хүнсний ногоо, жимс бол ширхэг ихтэй, тийм болохоор өдөр бүр ихээхэн идэхэд гэмгүй. Хивгэн бүтээгдэхүүнүүд ширхэг ихтэй ч ходоодон дахь бусад хоол тэжээлийн шимэгдлийг эвддэг учраас нэг их идэх хэрэггүй.
Ширхэг ихтэй хоол хүнс:
- Хивэгтэй талх
- Бөөрөлзгөнө
- Цагаан будаа
- Хатаасан үзэм
- Вандуй
- Хивэгтэй гоймон
- Хатаасан чангаанз
- Хатаасан самрууд

No comments:

Post a Comment