2015/02/13

Жирэмсний 30 дахь долоо хоног

Тайвшрах, сулрах дасгалууд төрөхөд болон жирэмсний сүүлийн долоо хоногуудад танд их хэрэг болно.
Биеэ суллахын тулд танд хамгийн тохиромжтой байрлалыг олж хэвтэх хэрэгтэй. Ихэнх тохиолдолд энэ дасгалыг хийхэд дэр хэрэглэдэг. Нүдээ аниад, тархиныхаа болон биеийнхээ хэсэг бүрийг чангалж, суллахад төвлөрүүлэх нь танд тус болох болно. Хөлийнхөө өсгийнөөс эхлээд ээлж ээлжээр биеийнхээ бүх хэсгийг чангалж, суллаж толгойгоо хүртэл үүнийг давтаад буцаад хөлийнхөө өсгийг хүртэл хийх хэрэгтэй. Дасгал дуусахад таны бие амарсан байх болно.
Харин тархи толгойгоо амраахын тулд анхаарал төвлөрөлт шаардлагатай. Чимээ аниргүй өрөөнд ганцаараа суугаад юу ч бодолгүй гүнзгий амьсгаа авч, гаргах хэрэгтэй. Гүнзгий амьсгаа аваад хэсэг хугацаанд амьсгаагаа түгжин бага багаар зөөлөн гаргана. Тэнцвэртэй байрлалаа олсны дараа таны булчингууд суларч эхэлнэ. Энэ сулрах дасгалыг өглөө бүр 10 минут хийж байхыг танд зөвлөж байна.
Жирэмсэн эхчүүдийн 40-75 хувьд нь бага ч болов хаван үүсдэг. Ялангуяа хөлийн шагай, шилбэ хэсгээр мэдэгдэхүйц хавагнаж, халуун өдрүүдэд улам бүр ихэснэ. Бага зэргийн хаван бол байж болох ч, гар, нүүрээр хавагнаж, 24 цагаас удаан үргэлжилбэл эсвэл хэт хурдан жин нэмж, даралт нэмэгдэж байвал та эмчид хандах хэрэгтэй. Энэ үзэгдэл жирэмсэн эхчүүдийн 5-10 хувьд нь илэрч, хэрвээ оношлогдохгүй бол эх болон хүүхдэд аюултайд тооцогддог юм. Энэ эрсдлийн хамгийн тод шинж тэмдэг нь хавагнах, даралт ихсэх бөгөөд шээсэнд уураг ялгарч эхэлдэг. Үүнийг хамгийн хялбар шээсний шинжилгээгээр тодорхойлох боломжтой.
Таны хүүхэд энэ долоо хоногт :
  • Таны хүүхэд энэ долоо хоногт 40 см, 1300 гр жинтэй болсон байна.
  • Өдөр ирэх тусам улам бүр томорч, хөдлөх талбай нь багасч байгаатай холбогдуулан хүүхдийн тань хөдөлгөөн ширүүсэж, хуучин шигээ байнга хөдөлж байхаа болино.
  • Хөл, гараа илүү их хөдөлгөнө.
  • Өдрийн ихэнх хэсгийг нүдээ нээж, анисаар өнгөрүүлнэ. Нүдээрээ гэрлийг дагуулж хараад, үүнд хариу үйлдэл хийж байгаа.
  • Ясан доторх чөмөгнөөс маш хурдацтайгаар цусан дахь улаан бөөм эсийг бий болгож байгаа.
  • Нулимсны булчирхай нулимс ялгаруулж эхэлсэн байгаа. Тиймээ та буруу уншсангүй, танай хүүхэд одоо уйлж чаддаг болсон байна.
Энэ долоо хоногийн мэдээлэл :
Жирэмсэн эхчүүдийн маань хамгийн их эмчээс асууж зөвлөж байгаа асуулт бол шөнө аль талаараа, яаж унтах вэ? гэдэг байгаа болов уу. Гэдэс тань нэлээд томорсон байгаа болохоор дээшээ харж хэвтэх боломжгүй болсон бөгөөд ихэнх жирэмсэн хүмүүс дээшээ хараад хэвтлээ ч гэсэн амьсгаа авахад хэцүү байдаг. Жирэмсэн эхчүүдиййн маань хувьд хамгийн тохирсон байрлал бол зүүн талаараа хэвтэх юм. Зүүн талаараа хэвтэхэд хүүхдэд хүрэх цусны эргэлт илүү, чөлөөтэй, нөгөөтэйгүүр зүрхэнд буцаж очих судсанд үзүүлэх даралт бага байдаг. Ингэснээр хүүхдэд очих хүчилтөрөгч болон тэжээл илүү их болно. Таныг зүүн талаараа хэвтэхэд хүүхдийн тань хөдөлгөөн ихсэж байвал сайн байгаагийн илрэл юм. Хөдөлгөөн ихтэй хүүхэд бол эрүүл хүүхэд гэдгийг мартаж болохгүй.
Хооллох зөвлөмж :
Колатай ундаанд агуулагддаг кафейн нь эхсээр дамжин урагт хүрч хүүхдийн цусны эргэлтийн системд шилжинэ. Кафейн агуулсан их хэмжээний хүнс хэрэглэвээс дутуу төрөх, хүүхэд жижиг төрөх эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Шээс их хүргэдэг гэдэг утгаараа шингэн их хэмжээгээр гадагшлуулж, кальцийн дутагдалд оруулах аюултай байдаг. Колатай, хийжүүлсэн ундаа, хүнс нь эхийн хоолны тэжээллэг чанарыг багасгаж, эх хүүхдийг тавгүйтүүлнэ. Зарим жирэмсэн эхчүүд хоол шингэхгүй байна хэмээн хоол идсэний дараа хийжүүлсэн ундаа ихийг уудаг. Харин энэ нь түүний асуудлыг шийдвэрлэх бус асуудал дээр улам бүр асуудал үүсгэдэг. Хоол шингээх бус ходоодны хүчлийн хэмжээг ихэсгэж, ходоодны амсраар хоол буцаж гарах, гэдэс цанхайх зэргийн асуудлыг үүсгэнэ. Мөн түүнчлэн light cola хэмээх жин баригчдын уудаг колаг бүр ч уухгүй байх нь зүйтэй. Учир нь түүнд өндөр дозтай амт оруулагч байдаг учраас жирэмсэн хүнд тохиромжгүй. Уумаар санагдаад байвал маш бага уух хэрэгтэй. Иймээс :
- Анхаарлаа төвлөрүүлж, түүний хор уршгийг дотоод ухамсартаа сайтар төлөвшүүлэх хэрэгтэй.
- Хийжүүлсэн ундааны оронд шахсан жимсний шинэхэн жүүс, 1 аяга нимбэгний шүүстэй ус эсвэл 1 аяга шоколадтай хүйтэн сүү ууж болно.
- Цэвэр агаарт алхах хэрэгтэй.
- Гэрийн нөхцөлд бэлтгэсэн ямар ч илүү дутуу бодисгүй лимонтой хүйтэн цай нь амны цангааг сайн гаргаж, хийжүүлсэн ундаа уух хүслийг бууруулах болно. Хамгийн гол нь та өөрөө ухамсраараа үүнийг ялан дийлэх ёстой.

No comments:

Post a Comment