Таны хүүхэд төрөхөд ердөө 8 долоо хоног л үлдлээ. Одоо та 8 сар дөхөж явна.
Төрөлт дөхөж байгаа энэ үед хамгийн аюултай цус алдалт бол эхсийн байрлалаас шалтгаалсан цус алдалт байдаг. Эхэс хүүхдийн доод талд байрлаж, савны амсрыг дотроос нь таглаж, төрөх явцад өвдөлтийн хамт цус алдалт явагдана.
Энэ нь хэдийгээр маш цөөн тохиолддог ч урьд өмнө нь олон удаа төрж байсан, кесаров хагалгаагаар хүүхэд төрүүлж байсан эхчүүдэд түгээмэл тохиолддог. Таны эмч үүнийг өмнөөс тодорхойлж танд сануулж хэлсэн байх. Ийм тохиолдолд өөрөөрөө төрөх боломжгүй болно. Цус их алдах учраас яаралтай тусламж хэрэг болно.
Өөр нэг цус алдах шалтгаан бол хүүхдийн эхэс цагаасаа өмнө ховхрох асуудал юм. Ийм тохиолдолд мөн маш их хүчтэй өвдөлт, цус алдалт болно. Үүнд яаралтай эмнэлгийн туслалцаа үзүүлэхгүй бол хүүхдийн амь нас, эхийн эрүүл мэндэд маш аюултай нөхцөл юм.
Таны хүүхэд энэ долоо хоногт :
- Таны хүүхэд энэ долоо хоногт 1500-1700 гр жинтэй, 44 см болсон байна.
- Энэ долоо хоногоос толгойгоо доош харуулан төрөх байрлалаа олсон байгаа.
- Хүүхдийн тань хөдлөх талбай багассан учраас одоо хөдлөх хэлбэр нь өөр болсон байгаа. Илүү бага боловч, илүү хүчтэй хөдөлж байгаа.
- Одоо хөлийнх нь хумс ургаж гүйцсэн байна.
- Таван мэдрэхүй нь маш сайн ажиллаж байна.
- Үс нь нэлээн ургасан байгаа гэж бодоход хар үстэй болов уу, шар болов уу?
- Судалгаагаар бол одоо танай хүүхэд зүүдэлж байгаа гэдэг. Юу зүүдэлж байгаа бол доо?
Энэ долоо хоногийн мэдээлэл :
Та хэрвээ ажил хөдөлмөр эрхэлдэг бол аль хэдийнээ төрөхийн өмнөх амралтаа авсан байгаа. Та ажил хийж байхдаа сар бүр НД-ийн шимтгэл төлдөг байсан бол одоо танд НД-аас жирэмсэн эхчүүдэд олгох төрөхийн өмнөх ба төрсний дараах тэтгэмжийг олгох болно. Та харьяа дүүргийнхээ эмнэлгээс листээ аваад ажлын газраа өгч, ажлын газрынхаа нягтлангаар дамжуулан энэ тэтгэмжийг авах эрхтэй. Төрөхийн өмнөх 60 хоног, төрсний дараах 60 хоногийн мөнгөн тэтгэмж авахын зэрэгцээ хуулинд зааснаар таныг хүүхдээ 2 жил асрах хооронд ажлын тань газраас НД-ын шимтгэлийг цаингийн доод хэмжээгээр төлж, таны ажлын байрыг бүрэн хадгалах ёстой.
Та мэдээж эмчийнхээ заавраар төрөхийн өмнөх шинжилгээнүүдээ өгч гар картандаа өөрийнхөө мэдээллүүдийг бичүүлж авсан байгаа байх. Гар карт бол таныг төрөхөөр яаралтай эмнэлэгт хүргэхэд шууд хүлээж авах хяналтын хуудас юм. Та гадагшаа гарах бүртээ гар карт, иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтрээ байнга хажуудаа авч явах хэрэгтэй.
Хооллох зөвлөмж :
Жирэмсэн байхад бид ямар нэгэн байдлаар их бага хэмжээгээр аспирин хэрэглэдэг. Заримдаа зүрх судасны өмчний улмаас зүрхний эмч нар бага дозаар аспирин уухыг зөвлөдөг. Мөн түүнчлэн зарим эх барих эмэгтэйчүүдийн эмч нар ч урьд өмнө нь зулбаж байсан эхчүүдэд бага дозаар аспирин уухыг зөвлөдөг.
Судалгаанаас үзэхэд өдөрт 80 мгр-аар аспирин уухад жирэмсэн эхчүүд болон хэвлий дэх хүүхдэд нь ямар нэгэн сөрөг нөлөөгүй гэдэг нь нотлогджээ. Гэхдээ өндөр дозаар, ялангуяа жирэмсний сүүлийн 3 сард аспирин уух нь хүүхдийн зүрхэнд өөрчлөлт оруулдаг байна. Иймээс зайлшгүй аспирин уух шаардлагатай бол бага дозаар, зүрх судасны эмчийн зөвлөгөөгөөр уух хэрэгтэй, аспирин уусан эхчүүд төрснийхөө дараа хүүхдийнхээ зүрхийг үзүүлэх хэрэгтэй.
Аспирин нь хөхүүл эхчүүдэд ч мөн аюултай байж болзошгүй. Эхийн сүүнд бага хэмжээгээр холилддог. Сүүгээр дамжин хүүхдэд, хүүхдийн цусанд нөлөөлж сөрөг нөлөө үүсгэнэ. Төрсний дараа шавхарга гарах үед өвчин намдаах байдлаар эм уух шаардлага гарвал аспирин биш, өөр зохимжтой эмийг уух хэрэгтэй.
No comments:
Post a Comment