2015/02/13

Жирэмсний 33 дахь долоо хоног

Хэрвээ та хоёр дахь эсвэл гурав дахь хүүхдээ тээж байгаа бол ах эгч нарт нь дүүгээ хүлээж авах сэтгэлзүйн бэлтгэлийг сайн хангаж эхлэх хэрэгтэй.
Хэдийгээр хүүхэд тань дүүгээ төрөхийг тэсэн ядан хүлээж байгаа ч гэлээ, төрснийх нь дараа хэсэг хугацаанд атаархал нь төрөх л болно. Ах эгчид нь тэдний байр суурь бат бөх бөгөөд тэдэнд ч мөн ээж аав нь дүү шиг нь л хайртай гэдгийг мэдрүүлж, аль болох дүүг нь хамтдаа асарвал хэсэг хугацааны дараа асуудал өөрөө шийдэгдэх болно. Шинээр төрөх гэж буй хүүхдийнхээ дутууг нөхөж, хэрэглэх зүйлсийг нь цуглуулахдаа ах эгчийг нь мөн мартаж, орхигдуулж болохгүй. Ингэснээр ах эгч нь өөрсдийн хариуцлагаа мэдэрч, дүүгээ хайрлах хайр нь одооноос эхлэх болно.
Зарим жирэмсэн эхчүүдэд энэ долоо хоногт гар нь бадайрах, иржигнэх, тог цохих гэх мэтийн зовиурууд гарч мэднэ. Учир нь гар хөл хаван хөөснөөр мэдрэлийн зарим судаснууд нарийсч, дарагдсанаар бадайрах нь элбэг байдаг.
Таны хүүхэд энэ долоо хоногт :
  • Таны хүүхэд энэ долоо хоногт 45 см, 1850 гр болсон байна.
  • Биеийнх нь бүхий л хэсгийг бүрхсэн верникс хэмээх цагаан давхарга илүү зузаарсан байгаа.
  • Уушгиараа уснаасаа илүү хурдан ууж, гаргаж байгаа. Энэ үйлдэл нь уушгин дахь сурфак хэмээх бодисын бүрдлийг түргэсгэж байгаа.
  • Эрэгтэй хүүхдийн төмсөг нь уутандаа буусан байгаа бөгөөд үүнийг хэт авиан дурангаар харахад харагдах боломжтой.
Энэ долоо хоногийн мэдээлэл :
Дөнгөж төрсөн эрэгтэй хүүхдэд хөвч хөндөх /хөвч таслах/ хагалгаа хийх нь сүүлийн үед их түгээмэл болж эхэлж байна. Ер нь бол уг гарал нь шашин талаасаа мусульман шашны ёс бөгөөд зарим орнуудад ёс заншил хэлбэртэй ч байдаг. Эрэгтэй хүний бэлгийн эрүүл мэндэд тустай гэсэн утгаар нь манайхан сүүлийн үед үүнийг хийлгэдэг болоод байгаа. Заавал дөнгөж төрөнгүүт нь хийх шаардлагагүй ч уг хагалгаа нь том хүүхэд, бүр эрэгтэй хүн ч хийлгэж болдог хөнгөн чанарын хагалгаа юм.
Хагалгааг хийх хэсгийн мэдээг алдуулдаг учраас хоол сойх хэрэггүй. Хөвчний арьсан хэсэгт судас бага байдаг учраас хөвч хөндөхөд нэг их цус гарахгүй, дараа нь мөн цус алдах эрсдэл байхгүй.
Дөнгөж төрсөн хүүхдийн хөвчийг хөндөхөд мэдээж хүүхдэд өвчин мэдрэгдэх учраас тухайн хэсэгт тариа хийж мэдээ алдуулан, бүрэн мэдээ алдсаны дараа хагалгааг эхлүүлнэ. Мөн хөвч хөндөх явцад хүүхдийг угжаар хооллон анхаарлыг нь өөр тийш хандуулж өвчин мэдрүүлэхгүй хийдэг арга ч бий.
Өвчин намдаах тарианы нөлөө дуусаж мэдээ орсон ч дараа нь ямар нэгэн өвчин намдаах эм тариа хэрэглэх шаардлагагүй. Хөвч хөндсөний дараах арчилгаа ч тун хялбар байдаг. Заавал эмчид, эмнэлэгт хандалгүй гэрийн нөхцөлд эдгээх боломжтой юм.
Хүүхэд төрснөөс 24-48 цагийн хооронд анагаах талаасаа хөвч хөндөхөд нөлөөлөх өөр ямар нэгэн сөрөг хүчин зүйл байхгүй бол цэвэр, ариутгасан дулаахан мэс заслын өрөөнд хөвчийг хөндөнө. Хагалгаа ойролцоогоор 15-20 минут үргэлжилнэ. Хөнгөн чанарыг мэс ажилбар гэж хэлж болно.
Хооллох зөвлөмж :
Жирэмсэн эхчүүд маань баярын өдрүүдэд ганц хундаг дарс ууж болох болов уу гэж их бодож, эмчээсээ утсаар зөвлөгөө авах нь элбэг байдаг. Судалгаанаас үзэхэд ганц-хоёр хундага дарс зэргийн согтууруулах ундаа нь хүүхдэд тийм ч их нөлөөлөхгүй гэсэн байдаг ч та өөрийнхөө болон хүүхдийнхээ эрүүл энх, сайн сайхны төлөө согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзан, тэвчих хэрэгтэй. Жирэмсэн байхад хэрэглэсэн архи, согтууруулах ундаанаас болж урагт эдгэрэшгүй сөрөг нөлөө, гажиг, тархины саажилт үүсэх аюултай. Жирэмсэн эхчүүдэд зориулсан “хэдэн гр” энэ тэр гэсэн хэмжээс байхгүй. Эх хүүхэд хоёрын цусны эргэлтийн систем нэг байдаг гэдгийг мартаж болохгүй бөгөөд идэж ууж буй бүхий л зүйл тань цусаар дамжин урагт хүрдэг. Манайхан “жирэмсэн хүнд спирт дутагддаг” гэж ярьдаг нь огт ор үндэсгүй зүйл юм.

No comments:

Post a Comment