2015/02/13

Жирэмсний 34 дэх долоо хоног

Та төрөх бэлтгэлээ базааж, эмнэлэгт хэвтэхдээ авч явах зүйлсээ аль хэдийнээ бэлтгэж эхэлсэн байх.
Мэдээж шинээр төрөх гэж буй гэр бүлийнхээ гишүүний өмсөх зүүх, хэрэглэх зүйлсийг нь ч мөн бага багаар бэлтгэсэн байх. Монголчууд бидний ёсонд “төрөөгүй хүүхдэд төмөр өлгий” гэсэн үг байдаг ч, тэр үг социализмтэй хамт мөнхөрчээ. Учир нь одооны хүүхдийг төрөхөд нь эмнэлгээс ямар ч хангамж байхгүй учраас бүх өмсөх, хэрэглэх зүйлсийг нь эцэг эхчүүд өөрсдөө бэлтгээд төрөхөд нь хэрэглүүлдэг болсон цаг юм. Анхны төрөгч эхчүүдийн хувьд хүүхдэдээ болон өөртөө юу бэлтгэх тал дээр саяхан төрсөн ойр дотныхоо хүмүүс, найз нөхдийнхөө зөвлөгөөг дагах нь зүйтэй. Мөн энэ талаар бичсэн эмчийн зөвлөгөө бүхий ном уншиж, интернэтээс мэдээлэл авч болно. Одоо танай хүүхэд танд хэзээ ч гэнэтийн бэлэг бариад төрж магадгүй болоод байгаа учраас та хувийнхаа бэлтгэлийг сайн хангах хэрэгтэй. Өвдлөө, төрөхнээ гэхэд л шүүрээд аваад гарах жижигхэн цүнх бэлтгэх хэрэгтэй.
Мөн та хаана, төрөх, ямар эмч дээр төрөх вэ гэдгээ зохицуулж амжаагүй бол яаравчлах нь зүйтэй. Гэхдээ заавал тусгай эмнэлэг, эмч зохицуулах албагүй. Уг нь бол таны жирэмсэн үе ямар ч асуудалгүй өнгөрсөн бол та харьяалалынхаа эмнэлэгт өвдсөн үедээ очоод, тухайн өдрийн жижүүр эмч дээр төрөхөд л хангалттай. Хамгийн гол нь төрөх явцад эмчийнхээ зөвлөгөөг сайн дагах нь юу юунаас чухал.
Өмнөх долоо хоногуудад нойргүйдэж байсан эхчүүд маань одоо аргаа олоод шөнийн нойроо тухтайхан авдаг болсон ч шөнө дунд гэнэт шөрмөс татах, булчин чангарах зовиурууд илэрч байж болно. Энэ долоо хоногуудад шөрмөс татах, булчин чангарах нь таныг нойрноос сэрээх хэмжээний хүчтэй байж болно. Үүнийг багасгахын тулд өдрийн цагаар зарим урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй. Өдрийн туршид зарим дасгалуудыг хийж, аль болох нэгэн байршилд удаан суухгүй байх, хэвтэхдээ хөлөө дээш өргөж хэвтэх, кальци ихтэй хоол хүнсийг идэх зэрэг нь энэ зовиурыг багасгах болно. Шөрмөс татахад хөлийн хуруу хэсгээр газар гишгэж, булчиндаа иллэг хийхэд намжина.
Энэ долоо хоногт таны хүүхэд :
  • Энэ долоо хоногт таны хүүхэд 45 см, 2000-2200 гр жинтэй болсон байна.
  • Ээжээсээ дархлалын эсүүдийг шилжүүлэн авч байгаа. Төрөх хүртэл энэ байдал үргэлжлэх бөгөөд тэр ч бүү хэл төрсний дараа анхны сүү болох ангир уургаараа ч гэсэн дархлалын эсүүдийг эхээсээ шилжүүлэн авдаг.
  • Эрэгтэй хүүхдийн төмсөг уутандаа буусан эсэхийг төрснийх нь дараа эмч хянаж үзэх ёстой.
  • Одоо таны хүүхэд унтахдаа нүдээ аниж сурсан байгаа. Унтах нь харьцангуй тогтворжсон байгаа.
  • Хумс нь нэлээн урт ургасан бөгөөд төрөхөөсөө өмнө нүүрээ майжсан байвал та битгий гайхаарай.
  • Ихэнх хүүхэд энэ долоо хоногт доошоо харсан байрлалтай байгаа. Энэ нь төрөх бэлтгэлээ хийсэн байгааг харуулна.
  • Хүүхдийн байрлаж байгаа ургийн ус 3 цаг тутамд шинэчлэгдэж байгаа бөгөөд одоо хүүхдийн шээснээс бүрэлдэж байгаа. Шээсээрээ бүрдүүлж байгаа усаа өөрөө уугаад биедээ шингээгээд, дахин шээгээд байнга шинэчилж байгаа. Энэ бол хүн итгэхэд бэрх тэнцвэртэй тогтолцоо юм.
Энэ долоо хоногийн мэдээлэл :
Энэ долоо хоногт хүүхдүүдийн 96 хувь нь толгойгоо урвуу харуулсан байдаг. Үүний шалтгаан нь эхийн хэвлийд буруу харсан лийр хэлбэртэй саван дотор хүүхдийн хамгийн тухтай байршил учраас юм. Эхийн хэвлий дэх хүүхдүүдийн 3 хувь нь 37 дахь долоо хоногт бөгсөөрөө байрласан хэвээр байдаг ба энэ нь эх хүүхэд хоёрын аль алинд нь эрсдэлтэй учраас кесаров хагалгаа хийх шаардлагатай гэж үздэг.
Хооллох зөвлөмж :
Эх маань өөрөө кали, кальциар баялаг хоол хүнс хэрэглэвэл булчин зангирах, шөрмөс татахыг багасгана. Калийн дутагдлыг өдөр тутмын хоол хүнсээр нөхөх боломжтой. Гадил жимс, грейфурт, жүрж, тараг, бяслаг, буурцаг нь калиар баялаг хоол хүнс юм. Харин кальци бол сүү, сүүн бүтээгдэхүүнд хамгийн ихээр агуулагддаг учраас жирэмсэн байх хугацаандаа өдөр бүр тогтмол хэмжээгээр сүү, сүүн бүтээгдэхүүнүүдээс ууж занших хэрэгтэй. Кальцийг витамин бэлдмэлээр ууснаас өдөр тутмын хоол хүнсээрээ авч байх нь хамгийн зөв алхам юм.

No comments:

Post a Comment