2015/02/13

Жирэмсний 35 дахь долоо хоног

Төрөх хугацаа дөхөх тусам ялангуяа анхны төрөгч эхчүүдийн хувьд зарим төрлийн айдсууд гарч ирдэг.
“Яаж төрөх бол?”, “Төрөхийн өвдөлтийг тэсэж чадах болов уу?”, “Эмнэлэгт амжиж хүрдэг байгаа?”, “Савны амсар нээгдэж, ус нь гарахыг яаж мэдэх юм бол?” гэх зэргийн айдсууд ихэнх эхчүүдэд илэрнэ. Мэдээж хэрэг энэ бүхний хариултыг хяналтын эмчээсээ сайтар лавлаж асуун, шаардлагатай тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар зөвлөгөө авах нь зүйтэй.
Судалгаанаас үзэхэд төрөлтийн өвдөлт, төрөх хугацаа зэрэг нь эхийн сэтгэлзүйн байдалтай шууд холбоотойгоор нэмэгддэг болохыг харуулжээ. Их стрессэнд орохоор савны булчин илүү ихээр базалж өвдөлт нэмэгддэг гэнэ. Мөн стресс болон хямрал нь хүний цусанд катеколамин хэмээн бодисыг ялгаруулж, энэ бодис нь окситосин хэмээх бодистой нийлснээр савны агшалтыг улам хүчтэй болгодог байна.
Ийм учраас төрөх явцад эх маань өөрөө сэтгэлзүйн бэлтгэлтэй, нөгөө талаас аль болох өөрийн тухтай байршлаар хэвтсэн байх нь чухал юм. Төрөхөд хамгийн түгээмэл хэрэглэгдэх байршил бол хагас босоо дээш харж хэвтэн, бөгсөн дороо дэр ивэх байршил юм. Ингэснээр хүүхэд үтрээгээр хурдан гулгаж гарч ирэх бөгөөд хурдан доошилно. Энэ үед нуруунд иллэг хийх нь эхийг тайвшруулж, нуруугаар өвдөх төрөхийн өвдөлтийг бага ч болов намжаадаг байна. Төрөх өвдөлт эхэлсэн үед өвдөлттэй хавсарган бага багаар гүнзгий амьсгаа авах нь өвдөлтийг намсгана.
Таны хүүхэд энэ долоо хоногт :
  • Таны хүүхэд энэ долоо хоногт 46 см, 2400 гр болсон байна.
  • Энэ долоо хоногоос хойш төрсөн хүүхдүүдэд амьсгалын болон уушгины ямар нэгэн асуудал гарахгүй.
  • Өөх хуримтлуулах нь энэ долоо хоногт ялангуяа хүүхдийн гар, хөл хэсэгт илүү ихээр нэмэгдэж байгаа. Төрсний дараа биеийнхээ халууныг тохируулах үүднээс өөх хуримтлуулах нь түүний хувьд чухал юм.
  • Сонсох мэдрэхүй нь маш хүчтэй болсон. Одоо тэр бараг л та нарын ярьж хэлж байгаа бүхнийг сонсож чадна.
  • Хүүхдийн унтах, сэрүүн байх үеүдийг эх маань өөрөө ялгаж салгаж чадаж байгаа.
  • Эхийн хэвлийд байгаа хүүхэд сүүлийн 2 сард ихэвчлэн долоо хоногт 200-250 гр жин нэмдэг.
Энэ долоо хоногийн мэдээлэл :
Жирэмсэн эхчүүдийн ихэнх нь төрөхөөс айхдаа бус төрөхийн өмнөх өвдөлт хэсгээс айдаг байна. Өвдөнө гэж бодохоор төрөх дөхөх тусам эхчүүд улам бүр айж эхэлдэг. Иймээс сүүлийн үед нэлээд дэлгэрээд байгаа нугасаар тариа хийлгэн өвдөлтгүй төрөх /эпидурал/ замыг сонгодог болоод байгаа. Энэ бол өөрөөрөө төрөхийн өмнөхөн, савны амсар 4см нээгдсэний дараа өвдөлт хүчтэй базалт өгч эхэлсэн тэр үед мэдээ алдуулах тариаг нарийн зүүгээр нугасанд хийснээр төрөх үеийн хүчтэй өвдөлтийг мэдрэхгүй төрнө гэсэн үг юм. Гэвч эх өөрөө өвдөлтийг мэдрэхгүй байгаа энэ үед эмчийн зааврыг дагахгүй хамаагүй хүчтэй дүлснээс болж хярзан урагдах нь элбэг байдаг.
Хооллох зөвлөмж :
Төрөх дөхсөнтэй холбогдуулан таны эрч хүч багасаж байгаа байлгүй. Тэгэхлээр танд өглөөний цайн дээрээ бэлтгээд уухад хялбархан эрч хүчийн бэлдмэлийг санал болгоё. Цахилгаан блендэр /бутлагч/ дотор тухайн улиралд шинээр гарсан хэдэн төрлийн жимснээс хийгээд, 2 амны халбагаар сахарын пудра, 1 аяга сүү, 1 амны халбагаар хуурай сүү, 0,5 аяга тараг хийгээд 3 минут бяцлахад хангалттай. Танд эрч хүч өгөхийн зэрэгцээ байнга идэж уйдсан зүйлээс өөр амтыг танд өгөх болно.

No comments:

Post a Comment