2015/02/13

Жирэмсний 36 дахь долоо хоног

Төрөхөд ганцхан сар үлдэж байгаа энэ долоо хоногт анхны жирэмслэлтэд хүүхэд аарцагны ясны ойролцоо байрлан, төрөх суваг руу орж эхэлнэ.
Хоёр, гурав дахиа төрж буй эхчүүдийн хувьд арай болоогүй байгаа. Зарим тохиолдолд яг төрөх явцад ч хүүхэд энэ байршилдаа орох явдал байдаг.
Энэ долоо хоногт хуурамч өвдөлтийн нөлөө нэмэгдэж, таныг сандаргаж магадгүй. Хуурамч өвдөлт бол тогтмол бус, хэсэг өвдөөд алга болдог, жаахан амрахад л зүгээр болчихно. Хуурамч өвдөлтийн үед өвдөлт хоорондын зай нь ойртохгүй, өвдөлт нь улам хүчтэй болохгүй. Хэзээ өвдөх нь, үргэлжлүүлж өвдөх эсэх нь мэдэгдэхгүй.
Харин жинхэнэ төрөлтийн өвдөлт бол тогтмол, хоорондын зай нь жигд, цаг ахих тусам улам хүчтэй, өвдөлт хоорондын амрах зай нь цаг ахих тусам багасдаг. Амрах, байршлаа солиход өвдөлт намжихгүй, өвдөлтийн төрөл нь өөрчлөгдөхгүй. Базалж, сав агшихад гэдэс хатуурна, өвдөлт зогсоход гэдэс зөөлөрнө.
Таны хүүхэд энэ долоо хоногт :
  • Таны хүүхэд энэ долоо хоногт ойролцоогоор 47,5 см 2500-2700 гр жинтэй болсон байна.
  • Таны хүүхэд энэ долоо хоногт төрлөө гэхэд сэхээн амьдруулах тасагт шилжихгүй.
  • Одоо түүний уушгинаас бусад бүх эрхтэнүүд нь хэвийн ажиллаж байгаа.
  • Ялангуяа бөөрний үйл ажиллагаа нь тогтворжсон байна.
  • Элэг нь зарим энзимийг одооноос ялгаруулж эхэлсэн.
  • Таны хүүхдийн арьс нь нэлээн зөөлөрч, торго шиг болсон байгаа.
  • Тагнай нь хатуурсан ч шүд нь гарах арай болоогүй байна.
Энэ долоо хоногийн мэдээлэл :
Тогтмол сав базалтаар эхлэх өвдөлтийг төрөх явц гэж нэрлэдэг. Төрөх явц нь 3 үе шатаас бүрддэг.
Эхний үе шат буюу төрөхийн өмнөх үе шат: Төрөхийн өвдөлт эхэлснээс умайн хүзүү нээгдэх үеийг хэлнэ. Энэ үед хэвлийн доод хэсгээр базалж, нуруу чилж, хүүхдийн хөдөлгөөн багасна.
Хоёрдахь үе шат буюу төрөх үе шат: Умайн хүзүү нээлттэй байхаас хүүхэд төрөөд гараад ирэх хүртэлх үеийг хэлнэ.
Гуравдахь үе шат буюу төрөхийн дараах үе шат: умай агших, эхэс гадагшлах үеийг хэлнэ.
Төрөх явц эхлэхийн тулд өвдөлт жигдхэн, тогтмол зайтай, умайн хүзүүг нээх хэмжээний байна. Савны амсар нээхэд саад учруулах ямар нэгэн саад бэрхшээл байж болохгүй. Өвдөлтийн тохиромжтой байршилд хүүхэд төрөх суваг руу бууна. Толгой доошоо хараагүй бусад байршилд хүүхэд төрөх суваг руу бууж чадахгүй. Савны амсар 10 см нээгдсэнээр төрөлт эхэлнэ. Хүүхэд төрөөд, хойноос нь эхэс болон бусад зүйлс гарснаар төрөх явц дуусгавар болно. Сав базалж, базалт үргэлжлэх тэр явцад хүүхэд тэр нарийхан замаар доошилж энэ хорвоод мэндэлж байгаа нь үнэхээр хүний ухаанд  багтамгүй, гайхамшигтай үйл явдал мөн.
Хооллох зөвлөмж :
Бид хоол хүнсээрээ өдөрт хамгийн ихдээ л 6 гр /жижиг амны халбагаар 1/ давс хэрэглэх ёстой. Энэ хэмжээс нь хоол, талх, нарийн боов, уух зүйлсэнд агуулагдах давсны хэмжээний нийлбэр юм. Давсны хэмжээ, цусны даралт хоёрын хооронд шууд бөгөөд нарийн уялдаа холбоо бий. Гэхдээ жирэмсэн эхчүүд маань огт давсыг хэрэглэхгүй байж бас болохгүй. Бага ч болов заавал давс хэрэглэх хэрэгтэй. Огт давсгүй хоол хүнс хэрэглэвэл даралт буурдаг.
Өглөөг сайхан өглөөний цай ууж угтаарай. Учир нь шөнө хоол хүнс иддэггүй учраас таны тархинд өглөөгүүр энерги хэрэгтэй болдог. Өдөрт авах ёстой эрдэс бодис, амин дэмээ тооцоолон өдөрт 3 удаа хоол, 3 удаа хоолны завсраар хөнгөн чанарын хоол хүнсийг идэх хэрэгтэй. Ахиухан ус ууж, хоол хүнсээ сайтар зажилж идэх хэрэгтэй. Хоол идэх бүртээ ходоодныхоо 1/3 хэсгийг хоосон үлдээ. Ходоод гэдсээ хуурай, хатуу зүйлсээр бүү дүүргэ. Хуурай, хатуу хоол хүнсийг ходоод боловсруулж, шим тэжээлийг нь биед тэнцвэртэй тараах гэж илүү их ачаалалтай ажиллаж, хоол боловсруулах хэцүү болж эхэлдэг. Гэнэт их хоол идэх бус, бага багаар тогтмол хооллох нь илүү эрүүл хооллолт байх бөгөөд таныг жинг нэгэн хэвийн байлгаж чадна.

No comments:

Post a Comment